Х.Баделхан:Түрээсийн байрыг өмчлөх шийдвэрийг гаргана

img

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам баталсан байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөг болж нэмэгдэх бөгөөд найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно. Тухайн нийслэл хотын ерөнхий хотын төлөвлөгөөнд тусгагдсан байршлаас орон сууц олгоно. Гэр хороололд амины орон сууц барихад зээл олгоно. Ингэхдээ амины орон сууц дэд бүтцийн шийдэлтэй байх ёстой. 120 ам.метр хүртэл хэмжээтэй амины орон сууц барихад зээл олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээрээ. Манай улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж ажиллаж байгаа учир зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй байна гэлээ. БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Түрээсийн орон сууцны барилгын явц ямар байна вэ?

 

-Түрээсийн орон сууцны тухайд “Буянт-Ухаа II” хороололд 972 айлын орон сууц баригдаж байгаа. Энэ барилга ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. Нийтдээ 71 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. 1 ам.метрийн өртөг нь 1.4 сая төгрөг. Энэ орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар гарч байгаа. Энэ орон сууцыг түрээсийн орон сууц болгох асуудлыг Засгийн газарт санал оруулна. Түрээсийн орон сууцыг зарим компаниуд өөрсдөө хэрэгжүүлж байгаа.  Хамгийн гол нь мөнгө нь Хөгжлийн банкнаас гарсан. Төрийн бодлогоор баригдсан учир зохих хэмжээг нь түрээсийн орон сууц болгоно.

 

-Түрээсийн байрыг өмчлүүлэх үү?

 

-Түрээсийн байрыг өмчлүүлэх шийд одоохондоо гараагүй байгаа. Ер нь цаашдаа түрээсэлсэн байраа өмчлөх шийдвэрийг гаргана.

 

-Зээлийн хүүг цаашдаа бууруулах уу?

 

-Зээлийн хүүг одоохондоо бууруулах боломжгүй. Бид өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 40 гаруй мянган айл байна. Өнөөдрийн үйлчилж байгаа журмаар урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдъя гэсэн 30 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод, 14 мянган иргэн хөдөө орон нутагт  байна. Хүмүүсийн эрэлт маш их байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учир зээлийн хүүг бууруулах боломжгүй юм байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс ипотекийн зээлийг олгох асуудлыг Монголбанкнаас Сангийн яам руу шилжүүлнэ. Энэ үед дахин хэлэлцэнэ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
1. Орон сууцны 8%-н зээлийг анх удаа авч байгаа хүнд олгоно. 8%-н зээлийг дахин хот хөдөө нийлээд 45 мянга гаруй иргэн авч ядуурлийн тоо төчнөөн хувиар нэмэгдэх нь. ЖДҮ-чид хүүгүй зээл аваад хариуцлага тооцохгүй байхад ард түмэн 8% зээл аваад .... 2. Та 8% авахдаа хомын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газраас авна. Байрны үнэ хамгийн өндөр хэсэг 3. Гэр хороололд амины орон сууц барих, дэд бүтэц шийдэгдсэн газар хэр олон бол....Цөөхөн тэр газраас хэр олон ард түмэн авсан байгаа вэ 4. 8%-н зээлийн хүүг бууруулах боломжгүй судалгаа хийсэн гэнэ. энэ судалгааны тоогоор эрэлт байНА ЭНЭ ХУГАЦААНД МӨНГӨ НЭМЭЭД ӨӨРСДИЙН МӨНГӨӨ ӨСГӨӨД, 2020 оноос ДАХИН ХАРЬЯ ГЭСЭН БАЙНА. аРД ИРГЭДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ХАЛААС РУУГАА БҮҮ ХИЙГЭЭЧ. аРД ТҮМЭН ждү-ЧИН ХИЙГЭЭГҮЙ, НААД БҮРДҮҮЛЖ БАЙГА УРЬДЧИЛГАА МӨНГӨ НЬ ШУДАРГА ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН ХӨЛС, ХӨДӨЛМӨР ШИНГЭСЭН МӨНГӨВ тА НАРТ ЗОХИХГҮЙ
2018-12-06
80 мв2 дээш байрыг 8% оруулаачээ
2018-12-05