Эрэлч нохой Сони эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарав


Эзнээ хүлээсэн эрэлч нохой Сонигийн талаар өмнө нь нийтлэл бэлтгэж байсан. Тэгвэл Сони цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарчээ.
Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэдэг.
Нохойн төлөөлөгч албаны нохойг хоёр сартайгаас нь хамт байж, сургадаг аж. Улмаар нохой, сургагч хоёр бие биедээ дасч сургагч эзэн нь тэтгэвэртээ гарах, ажлаасаа чөлөөлөгдөхөд нохой нь ихэд шаналж, ганцаарддаг байна. Эрэлч нохой Сониг найман жилийн турш сургаж, хамтдаа хэрэг илрүүлсэн цагдаагийн дэслэгч Б.Батчулуун энэ оны наймдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарснаас хойш Сони хоол ч идэхгүй, орж гарсан хүн бүрийг эзнээ хэмээн хүлээх болсныг алба хаагчид хэлж байсан. Улмаар эзнийг нь буцаан ажилд авах уу эсхүл нохойг нь өгөөд хамтад нь тэтгэвэрт гаргах уу гэдэг асуудал цагдаагийн албанд тулгараад байв.
Тэгвэл өчигдөр /2018.12.17/ Сониг эзэнтэй нь хамт тэтгэвэрт гаргах ёслол Орбитод байрлах Албаны нохойн сургалтын хэлтэст болов. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун болон албаны Сони дуудлагатай нохойг байнгын тэтгэвэрт гаргаж “Эзэн нохой хоёр цаашид олон жил эрүүл энх, урт удаан наслах болтугай” хэмээн ерөөж ЦЕГ-ын тушаалаар “Монгол цагдаа” гэсэн тэмдэг гардуулжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ