
Либери улсын нефть тээвэрлэгч хөлөг онгоц Шинэ Зеландын эргийн орчимд хайргадан зогссоны улмаас далайд нефть асгарч эхэлсэн байна. 2000 тонн орчим нефть ачсан тус хөлөг онгоцноос одоогийн байдлаар 20-30 тонн нефть алдагдаан байна хэмээн мэдээлжээ. Рена хэмээх тус хөлөг онгоц нь Шинэ Зеландын хойд эргийн Пленти хэмээх газар хайргадсан бөгөөд энэхүү газар нь тус улсын аялал жуулчлалын бүс нутагт хамаарагддаг, байгалийн үзэсгэлэнтэй газар ажээ. Одоогоор асгарсан нефть таван километр орчим урттай шатахууны толбыг далайд үүсгээд байна. Мэргэжилтнүүд онгоцноос нефть алдагдахыг зогсоож чадсан ч асар хүнд жинтэй онгоц хазайсаны улмаас живэх аюултай байгаа гэнэ. Мөн далайн усны бохирдлыг багасгахын тулд тусгай шингэнийг далай дээр их хэмжээгээр цацаж байна. Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Ки энэхүү ослыг гамшгийн хэмжээнд үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээс үзвэл далайн шуурга удахгүй болох гэж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг түгшээж байгаа аж.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ