Нөөцийн махыг 320 гаруй дэлгүүрт худалдаалж байна
15-ны өдрөөс эхлэн нөөцийн мах худалдаанд гараад байна. Нийслэлийн зүгээс мах бэлтгэгч 21 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж 12 мянган тонн мах нөөцлөөд байгаа юм. Эдгээр аж ахуй нэгжүүдийн нэг “Баатарууд Тэнгэр” ХХК-ийн Тэнгэр трейд худалдааны төв дээр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Бат очиж нөөцийн мах худалдаж эхлэх явцтай танилцав. Тус компани 1200 тонн мах бэлтгэсэн байна. Өнгөрсөн жил зуншлага сайхан болсон тул мал тарган байсныг “Баатарууд Тэнгэр” ХХК-ийн захирал М. Төмөрбаатар онцолж байв. Нөөцийн мах туранхай гэсэн ойлголт нийтлэг байдаг бол худалдаанд гарсан мах өөх мах нь алагласан сайхан мах байна гэж худалдан авагчид Ерөнхий менежерт хэллээ. Үхрийн мах 3700, хонь 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр борлуулж байгаад талархаж байна. Энэ үнэ махны үнийн хөөрөгдлийг зогсооно гэдэгт найдаж байна гэж иргэд хэллээ. Хотын ерөнхий менежер Ч. Бат “Баатарууд Тэнгэр” ХХК-ийн мах бэлтгэлийн цехээр орж танилцсаныхаа дараа Баянзүрх дүүргийн Хужирбулан, Улиастайн эцэст байрлах алслагдсан хорооны нутаг дэвсгэрт нөөцийн мах борлуулах хүнсний дэлгүүрүүдээр орж нөөцийн махны чанартай танилцав. Мөн худалдан авагчдын санаа бодлыг сонсож нөөцийн мах бэлтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Хороо бүрт 2 хүнсний дэлгүүр буюу нийслэлийн хэмжээнд 320 гаруй дэлгүүрээр нөөцийн мах борлуулж эхэлснийг иргэдэд хэллээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн “Тэнгэр трейд”, “Наранбилэг гүваратрейд ХХК”, “Эрхэм бүрд”, “Асио”, “Ангрол”, “Алтан жолоо трейд”, “Натур” худалдааны төв зэрэг нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ