Их говийн цагаан тоос замхрах жим наашлав уу?

img

Говийн байгальд нүд, сэтгэл саатах дүүрэн үзэмж бага мэт ч өөр бусадтай харьцуулж жиших аргагүй тогтоц нь төрмөл. Наймдугаар сарын говь нутагт аагим халуун ноёлсон өдрүүдэд урт замыг туулах зуур уулзаж, ярилцсан хүмүүсийн нэг нь нүүрсний машины жолооч хижээл насны эр байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн урдхан байрлах нүүрсний машинуудын авто зогсоол гэж болох бас кемп ч гэж болмоор бор гэр олонтой газарт тааралдсан юм. Хөлс нь шороотой холилдон дух шанааг нь даган урсах жолооч ахыг хөл дүүжлэх бус амьжиргааг нь тэтгэгч унааныхаа ойрмогхон байх гэрт орж цангаагаа тайлчихаад гарч ирэх үед нь тосч очоод уулзлаа. Өмнөговь нутагт төрж, өсч, өндийсөн тэрбээр охин хүү хоёрын аав аж. Нэг нь Солонгост гэрээгээр ажилладаг. Нөгөө нь Улаанбаатарт амьдардаг гэнэ. Жолооч ахын хувьд улсынхаа нийслэл Улаанбаатарт дөрвөн удаа ирж үзсэн бөгөөд өдгөө Монгол Улсын эдийн засагт үсрэнгүй дэвшлийг авчрах нэг хөшүүрэг болно гэгдэж буй Тавантолгойн ордын нүүрсийг тээвэрлэх ажилд хүчин зүтгэж байгаа. Өмнө нь Тавантолгой Транс компанид гурван жил ажилласан тэрбээр одоо Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний тээврийн компанид гэрээгээр ажиллаж байгаа аж. Гэхдээ тэр компанийнхаа нэрийг хэлэхийг хүсээгүй. Тоогоо алдсан олон компани нүүрс тээвэрлэлт эрхэлж байгаа гэж байсан юм. Жолооч ахын ярьж байгаагаас үзэхэд түүний болон бусдынх нь барьдаг машиныг нэг монгол залуугийн компани нэг хятадаас түрээслээд, тэднийг ажиллуулдаг аж. Ер нь нэгээс нөгөө нь түрээслэж, Хятад, Монгол нь хамтарч ажиллуулдаг, эсвэл 100 хувь хятадуудын хөрөнгөөр боссон нүүрсний тээврийн 70 гаруй компанийн үйл ажиллагаа Тавантолгойн ордыг түшиглэн явагдаж байгааг уурхайтай танилцах аяллынхаа эхэнд Цогтцэций сумын засаг даргатай уулзахдаа сонссон байлаа. Тэгэхээр жолооч ахын хэлсэнчлэн тоогоо алдсан олон компанийн нэгэнд тэрбээр харьяалагддаг нь тодорхой. Харин нөгөө талд аль ч компанид харьяалагддаггүй жолооч нар бий. Нүүрсний тээвэрлэлт хийхээр банкнаас зээл аваад 80 тонны даацтай машин авчихсан олон иргэн “горьдлого компанийн захирал” гэгдэж цоллуулаад нүүрсээ ачуулах гээд долоо, арав хоногоор уурхайн амыг сахиж байна гэж гомдол хэлж байхтай ч өмнөхөн нь таарсан байсан юм. Энэ жолооч ахын хувьд тэднээс мөн л ялгаатай. Компанийнхаа нэрийг “мэдэхгүй” ч нийгмийн даатгалыг нь компани нь төлдөг гэдэгт итгэдэг юм билээ. Тэгж төлөхгүй бол тэтгэвэрт гарах нас нь болсон ч, юу ч авч чадахгүй хоосон суух болно шүү дээ хэмээн хэлж байсан. Уугуул нутгаасаа гаралгүй насаа элээж байгаа түүний гэр Өмнөговь аймгийн төв дээр байдаг. Сар гаруй нүүрс зөөгөөд гэртээ харьж долоо хоног амардаг. Тэгээд дахиад бүтэн сарын турш нүүрс зөөдөг. Ийм маягаар ажиллаад нэг жил болж байна гэж байсан. Сард 10 рейс явдаг бөгөөд нэг удаадаа 80, 90, 100 тонн нүүрсийг Тавантолгой ордын дөрөв, наймдугаар амнаас ачаад явдаг гэхээр зөвхөн энэхүү жолооч ахын машинаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 мянга гаруй тонн нүүрс өмнөд хөршийн хил рүү ачигджээ. Цаана нь мөн нүүрс тээвэрлэж байгаа 5200-8000 мянган ширхэг хүнд даацын автомашин бий юм байна гэсэн мэдээллийг Цогтцэций сумын Засаг даргатай, мөн Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой хувьцаат компаниудын удирдлага, мэргэжилтнүүдтэй, өөр бусад нүүрсний машины жолооч нартай уулзахдаа авсан юм. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн жолооч ахын хувьд хүнд даацын машинаараа говь нутгийнхаа сул хөрсөн дээгүүр бүтэн жил талхлан явсанаа, ерөөс замын асуудал нэг мөр шийдэгдэхгүй удсаны уршигаар нүүрсний тээвэрлэлтийн машинууд байгаль орчинд ихээхэн хөнөөл учруулж буйг, 20 жилийн өмнөх нутаг ус биш болсныг, малчид бэлчээргүй болж байгааг хүлээн зөвшөөрч байна лээ. Амныхаа цангааг тайлсан түүнийг туслахынхаа хамтаар аварга том машиныхаа дугуйг сольж байхдаа цухасхан амрах зуур нь ийн ярилцсан юм. Биднийг машины сүүдэр бараадан суух зуур ахын дух, шанааг нь даган урсах хөлс хатах янзтай болоод ирж. Жаахан ч гэсэн амсхийсэн байх. Бүгчим халуунаас, бас бараа том машиныхаа дугуй зэргийг солих, сэлбэх гээд хэдий эр хүн ч гэлээ, зүдэрмээр амаргүй ажлынхаа араас хэсэгхэн ч болов сэхээ авч, сайхан залуу насаа соци нийгмийн үед өнгөрөөсөн тухай, мөн цаг үе өөрчлөгдсөний дараа хувийн компанид ажиллаад анх удаа 1 сая төгрөгийн цалин гар дээрээ авч үзэж байсан тухай. Хэдийгээр одоо амаргүй нөхцөлд ажиллаж байгаа ч, хөлсөө гартал зүтгэсний хүчинд сард 2-3 сая төгрөгийн орлоготой ажиллаж буйгаа, мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүн байна гэж бодож явдагаа гэхчлэн нэлээдгүй зүйлийг ярилцсаны дараа бидний яриа өндөрлөв. Жолооч ах нүүрсний тээврийн зам л зовоож байгааг хэлж байсан. Тэгэхдээ Тавантолгой ордыг түшиглэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн нэг “Энержи ресурс” ирэх сард, цаашиллаа гэхэд аравдугаар сард Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд 245 км замыг ашиглалтад оруулах гэж байгаа чимэгтэй мэдээлэл байгаа юм. Говьд саатсан өдрүүдэд энэ тухай цөөнгүй хүнээс сонссон. Тэдний нэг нь надтай ярилцсан жолооч ах байлаа. Мөн удахгүй ашиглалтад орох зам хэт нарийн юм билээ гэдэг үгсийг ч хэд хэдэн хүнээс дуулсан. Жолооч ах ч тэгж хэлсэн. Хэт нарийн зам, сөрөг урсгалтай бол шороон зам дээр гарч байгаагаас ч илүү осол аваар гарах магадлалтай гэж жолооч ахын хэлсэнтэй санал ижил хүмүүс ч байсан юм. Тохиролцох цагийг хүлээн тоосоор амьсгалж өдийг хүрсэн малчид Нүүрсийг байгаль орчинд халгүй тээвэрлэе гэвэл төмөр замтай өрсөлдөх өөр тээвэр үгүй. Дэлхийн банкнаас гаргасан “Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги” тайланд Тавантолгой, Нарийн сухайт, Оюутолгой, Цагаан Суварга зэрэг стратегийн ач холбогдолтой уурхайнууд нь жилдээ 5 тэрбум ам.долларын нүүрс, зэсийн борлуулалт хийх боломжтой гээд дээрх уурхайнуудын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай дэд бүтэц тухайлбал төмөр зам, цахилгаан эрчим хүч, хотхон болон усны эх үүсвэр зэргийг бий болгоход 5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг өгүүлсэн байгаа юм. Гол нь нүүрсийг төмөр замаар тээвэрлэдэг дэлхий нийтийн жишиг байсаар атал, манай тухайд үүнийг сүүлийн жилүүдэд ярьсаар байтал, дэд бүтцийн салбар дахь төрийн бодлого тууштай бус хэт арилжааны маягтай явж ирсэний үрээр, сая л нэг 100 хувь хувийн өмчит компани говийн цагаан тоосыг үгүй хийхээр 245 км замаа барьж дуусч байгаа янзтай. Уг нь засгаас дорвитой шийдвэрлэж чадахгүй байгаа, шийдвэр гаргасан ч хөрөнгө оруулалт дээр гацчихаад байгаа төмөр замын дэд бүтцийн тодорхой хэсгийг “Энержи ресурс” компани байгуулахаар ТЭЗҮ-ийг нь бэлдээд, “Дойчи Бан” гэх Германы компаниар бариулахаар болж байсан ч Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг авч чадаагүй. Улмаар Цогтцэций сумын нутаг дэвсгэр дээрх Тавантолгой орд газрын уурхайгаас нүүрс тээвэрлэсэн машинууд сумын нутаг дэвсгэрийг цагаан тоосонд нь умбуулсаар өнөөдөртэй золгожээ. Тус сумын сул талуудын нэг нь хэтэрхий сул хөрс гэдгийг Засаг дарга Г.Цог-Өрнөх хэлсэн. Тэгэхдээ хэн нэгэн дарга хэлсэн хэлээгүй, нүдээр үзэхэд ойлгомжтой гэдгийг хэлэх юун. Гашуунсухайтын хил хүртэлх 245 км нүүрсний замын 58 километр нь Цогтцэций сумын дээгүүр өнгөрдөг. 58 километр замын туршид нэг ч хад, нэг ч уул тааралдахгүй, цэлийсэн тал. Харин цааш нь 10 километр яваад уулан дундуур ороод явчихаар тоосжилт гайгүй болоод ирдэг байна. Гол нь 58 километр зам дагуу мал бэлчээрлэх газаргүй болжээ. Нүүрсний машинууд 21 салаа зам гаргаж давхидаг байсныг цэгцлээд 3-4 зам болгож, гэрээт цагдаа нарыг ажиллуулах болсоноор нөхцөл байдал арай л дээрдсэн гэж сумын удирдлага хэлж байсан. Зам дагуу дөчөөд малчин өрх амьдарч байсан бол өнөөдрийн тухайд 22 айл нь нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаад байгаа аж. Үлдсэн айлууд ч нэн даруй нүүх шаардлагатай ч, одоогийн байдлаар компаниудтай тохиролцож чадаагүй бололтой. Оюутолгой орд орчмын айлуудыг нүүлгэхийн тулд “Айвенхоу майнз” өндөр үнэ санал болгож, газрыг нь худалдаж авч байсан жишгээс Цогтцэцийгийн хэдэн малчин өрх ч гажихгүй, тоосоор амьсгалаад, тохиролцох цагийг хүлээгээд өдийг хүрчихжээ. Ямар ч байсан тэдний хувьд тоосноос холдох нь тулгамдсан асуудал болоод байгаа нь Мал эмнэлгийн хүрээлэнгийн Д.Оргил доктор Цогтцэций суманд биеэрээ ирсэний үр дүнд тодорхой болж. Учир нь нүүрсний зам дагуу бэлчээрэлдэг малаас шинжилгээ авахад уушгин дотор нь уутанцар үүсээд, дан элс, шороо орчихсон байсан нь илэрчээ. Мал ийм байхад хүний биед эерэгээр нөлөөлөхгүй нь эрхбиш ойлгогдоно. Гэхдээ зам дагуу бэлчээрлэдэг малыг шинжилсэн шигээ, зам дагуу нутагладаг малчин иргэдийг шинжилгээнд хамруулсан удаа байхгүй аж. Суурин 4000, явуулын 8000 гээд нийтдээ 10 гаруй мянган хүн амтай болж өнөржсөн Цэцийчүүдэд эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу аж. Хоёр л их эмчтэй сумын эмнэлэг энэ онд 190-ээд сая төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулсан гэж байна. Цаашлаад улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг барих тухай яригдаж байгаа гэсэн зүйлийг Сумын Засаг Даргын Тамгын Газрын Дарга Б.Цэцмаа хэлж байсан. Яригдаж байгаа шийдэгдээгүй зүйл гэдгийг тодотгож хэлэх нь зөв болов уу. Сумын удирдлагын зүгээс тоосжилтыг багасгах арга хэмжээг ав гэж гурван жил дээшээ хандсан хэмээн учирлаж байсан. Аргаа барсан иргэд нь нүүрсний машинуудыг явуулахгүйн тулд жагсах гэж байсан учраас аймгийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд, улмаар улсын мэргэжлийн хяналтаас хүмүүс ирж, замыг хаахаар шийдвэр гаргажээ. Харин үүнийг нь Зам тээврийн сайд нь хаагаад, зогсоосон юм шиг улс даяар мэдээлэгдсэнд сумын удирдлага бухимдангуй хандаж байна лээ. Нэгэнт л нүүрс гэдэг ашигт малтмалаар улс орны төсөвт ихээхэн хөрөнгө мөнгө хуримтлуулахаар, эдийн засгаа дэмжихээр төр нь шийдвэрлэсэн юм бол үүц нь байгаа нутаг орны байгаль орчин, иргэдэд халгүй байдлаар тээвэрлэх тал дээр шийдвэртэй арга хэмжээг авахаар цаг их байсан ч, шийдээгүй гэж сумын нөхдүүд үздэг байна. Тиймээс цагаан тоосны асуудлыг шийдсэний дараа нүүрсний замыг нээнэ гэсэн байр суурин дээрээ сумын удирдлага хатуу зогсож байсан ч, аймгийн төв рүү хуралд явсан хойгуур нь замыг нь нээчихсэн гэж байсан. Тэгэхээр тоосгүй нутагт амьдрахын төлөөх Цэцийчүүдийн тэмцэл нэг иймэрхүү янзтай байна. Байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хал багатай нүүрсний тээвэрлэлттэй холбоотойгоор нэмж өгүүлэхэд Засгийн газар, УИХ-ын төвшинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан" чиглэлд эхний ээлжинд 1100 километр төмөр зам барихаар шийдвэрлэсэн. Гэсэн ч шинэ төмөр замын санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй байна. 2011 оны хоёрдугаар хагасаас барьж эхлээд хоёр жилд багтаагаад дуусгах төлөвлөгөөг салбарын сайд нь дуулгаж байсан ч, гацаад байна. Тавантолгойн нүүрсийг зөвхөн Хятадын өлсгөлөн зах зээлээр дамжуулан, гуравдагч, дөрөвдөгч зах зээлүүдэд хүргэх гэрээг “Чайналко”-гийн охин компани “Chalco”-той үзэглэсний дараа хойшоо чиглэлийн дээрх төмөр замын бүтээн байгуулалтын чимээ тун бөглүү дуулдаад байгаа билээ. Ер нь бол дээр өгүүлсэн Дэлхийн банкны тайланд Тавантолгойн нүүрсний үнэ цэн нүүрсийг зөөх төмөр замын үйлчилгээний зардлаас хамаарна гэдгийг өгүүлээд боломжит маршрутыг Тавантолгой-Гашуунсухайт-Баотоу, Тавантолгой-Сайншанд-ЗамынҮүд-Чинхуандао, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Владивосток гэсэн байдлаар тодорхойлсон байгаа юм. Эхний маршрутын тухайд говь нутгийн тэр дундаа Цэцийгийн иргэд болоод малыг их цагаан тоосноос аврах гарц юм. Байгуулчихвал тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал 15 ам.доллар, нэг жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэж, борлуулахад олох ашиг нь 1,464 сая доллар байна гэсэн урьдчилсан тооцоо байна. Ямартай ч эдийн засгийн үр ашигтай байх төмөр замын дэд бүтцийг байгуулвал тоосны асуудалд баяртай гэх боломж бүрдэнэ гэж ойлгогддог. Харин орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр хэлэхдээ “Төмөр зам байгуулсан ч экспортын хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа ирэх жилүүдэд автозамаар ч зэрэгцүүлэн зөөх шаардлага гарна” гэж үзэж буйгаа хэлж байсан. Тэрчлэн “Тавантолгой” ХК 12 метрийн өргөнтэй зам тавихаар маршрут чиглэлээ гарган ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн тавих зам “Энержи ресурс”-ын замтай зэрэгцэн тавигдана гэж байсан. Гэхдээ хэзээ тэр зам дээгүүр нь нүүрсний машинууд явж эхлэх талаар тодорхой хугацаа зааж хэлж мэдэхгүй байсан юм. Усандаа харам нутгийнхан Угаасаа ус муутай хөрсний ус гэж үгүй, гүний усаа л хэрэглэдэг, ерөөс дөрөвхөн нууртай говийнхон харам байхаас ч яалтай билээ. Цэцийчүүд нэг номерт тулгамдаад байгаа асуудлаа ус, зам хоёр гэж тодорхойлж байсан. Орон нутгийн удирдлагууд өнөө маргаашаа биш, ирэх 30, 40 жилд уугуул нутагт нь амьдрах иргэдийн ирээдүйтэй холбоотой усны эх үүсвэрийн төлөө гэсэндээ “Энержи ресурс” Тавантолгой ХК” “Эрдэнэс Тавантолгой” компаниудтай муудалцдаг гэнэ. Говийн гүний усыг гамгүй хэрэглэж дуусчихаад Хэрлэн, Орхонгоосоо Цэций сум руу ус оруулж ирнэ гэдэгт нь үнэндээ итгэхгүй байгаа бололтой. Сумаас баруун хойшоо 18 километрт орших Наймантын хотгор хэмээх газарт 260- 340- өөд метрийн доор нуур бий. Тэнд “Энержи ресурс” компани усан сан байгуулж, хоолой татаад, найман худаг гаргаж холбосон. “Энержи ресурс”-ийн шинэхэн баяжуулах үйлдвэр энэхүү гүний усаар л амилж байгаа. Усгүй бол баяжуулах үйлдвэр хөдлөхгүй. Гэхдээ говийнхон усыг минь бүү ашигла гэж хэлээгүй. “Энержи ресурс” компани Цэций сум руу цэвэр усны хоолой татаж байгаа гэнэ. Гол нь орон нутгийн зүгээс үйлдвэрлэлд хэрэглэж байгаа усыг дахин ашиглах технологийн дагуу л ажиллахгүй нуур дороо ширгэнэ гэж үзээд байгаа аж. Тиймээс Эрдэнэс Тавантолгой уурхайг түшиглэн байгуулна гэгдэж буй 10 сая тонны хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрийг орон нутгийн удирдлага хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаагаа хэлж байсан. Орон нутгийн зүгээс ирэх жилийн зургадугаар сар гэхэд 15 сая тонн нүүрсийг жилд баяжуулах хүчин чадалтай болох “Энержи ресурс”-ын үйлдвэртэй тохиролцож, гэрээ хийж ажилла гэсэн саналыг Эрдэнэс Тавантолгой компанийнханд тавьж байгаа юм байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг Цэцийд ирэхэд ч сумын удирдлага үүнийгээ хэлжээ. Харин сайд “Стратегийн том орл ашиглалтад орж байгаа юм чинь усны асуудлыг төр шийдээд явах боломжтой шүү дээ” гэж хэлсэн байна. Өмнөговьд дөрвөн нуур байдаг гэдгийг дээр өгүүлсэн.Нутгийн иргэд усны мэргэжилтнүүд шиг хэдэн метр секундэд ундарга орж ирж байна вэ гэдгийг тооцож мэдэхгүй ч, удаан жил амьдарсан нутагт нь ус ховордоод байгааг баримжаалахтайгаа аж. Ховоогоор татдаг 4 метртэй, тэмээгээр эргүүлдэг 20 метртэй худагнууд ширгээд алга болж байна шүү дээ гэж байсан юм. Тавантолгой ордын эргэн тойрон дахь 100 километрт Зайрмагтай, Наймант, Балгасын улаан нуур гэсэн гурван нуур байдаг. Эдгээрээс нэлээд сайн судлагдсан нь Балгасын улаан нуур гэж болно. Тавантолгойг ашиглахад ус хэрэгтэй тул, мэргэжилтнүүд анх 1984 онд уг нуурын газрын доорхи усны нөөцийг урьдчилсан байдлаар тогтоож байж. Тухайлбал, урьдчилсан хайгуулын дүнгээр Балгасын улаан нуурын газрын доорхи усны нөөцийг В зэрэглэлээр 12727 м3/хоног, С1 зэрэглэлээр 26153 м3/хоног, 1987 онд дуусгасан нарийвчилсан хайгуулын дүнгээр А зэрэглэлээр 20736 м3/хоног, В зэрэглэлээр 11491 м3/хоног, С1 зэрэглэлээр 7949 м3/хоног, нийлбэрээрээ 40176 м3/хоног (465 л/с) гэж тус тус тогтоож байж. 2007-2008 онд “Шандын булаг” ХХК Балгасын улаан нуурын газрын доорхи усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийгээд газрын доорхи усны нөөцийг багасган тооцоолж БОАЖЯ-ны Усны газарт оруулсан байна. Харин Эрдэнэс Тавантолгой компанийн салбар хариуцсан захирал Б.Батсайхан хэлэхдээ “Балгасын улаан нуур 465 литр секундын ундаргатай. Ийм нөөцийг 25 жил ашиглахад усны ундаргад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан. Балгасын улаан нуур бол ашиглахад бэлтгэгдсэн нөөц” гэж хэлж байсан. Тавантолгойд айлссан хоёр “толгой” Тавантолгой ордод ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн хоёр нь “толгой” нэртэй. Нэг нь 1966 онд үйл ажиллагаа нь эхэлсэн өдгөө, 51 хувь нь орон нутгийн өмчит Тавантолгой ХК. Нөгөө нь энэ сарын 4-ний өдөр анхны 40 машин нүүрсээ ачуулсан “Эрдэнэс Тавантолгой” компани юм. Тавантолгой ХК-ийг “жижиг” гэж нэрлэдэг. Энэ уурхайн даргаар 12 жил ажилласан өдгөө үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Р.Зоригтбаатар гуай хэлэхдээ “өвгөн” Тавантолгой гэж нэрлэвэл зохилтой л үүх, түүхтэй уурхай гэж байв. 2004 оноос эхлэн Хятад руу нүүрс гаргаж эхэлсэн тус компани 45 нас хүрч буй бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд 2 сая 400 мянган тонн нүүрс борлуулсан тооцоотой. Харин өнгөрөгч 2010 онд 5 сая 200 мянган тонн нүүрсийг өмнөд хөршид нийлүүлсэн бөгөөд энэ онд 4 сая 700 мянган тонныг олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. 160 гаруй том, жижиг хувьцаа эзэмшигчтэй тус компанийн хамгийн их хувийг орон нутаг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч хувийн хэвшлийг Ажнай, Ээрмэл компаниуд тэргүүлдэг. Олборлосон нүүрсийг нь тээвэрлэх гэрээг Монгол транс, Хурд зэрэг 13 компанитай хийсэн гэж байгаа ч, бодит байдал дээр гэрээлэгч компаниуд нь цаашаагаа өөр бусад компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулдаг юм билээ. Уурхайн олборлолтын үйл ажиллагааг Тавантолгой ХК туслан гүйцэтгэгчдээр хийлгүүлж байна. Уурхайд ашиглагдаж байгаа техникүүдийн ¼ -ийг нь эзэмшдэг тус компани гэрээлэгчидтэйгээ хамтран зүтгээд өдөрт 300 гаруй машин нүүрсийг ачиж байгаа аж. Уурхайн захирал нь 5 сая төгрөгөөс давсан эрх мэдэлгүй тус компанийн ирээдүй ТУЗ –ийн гишүүн 9 хүнээс бүрэн хамаардагийг Р.Зоригтбаатар гуай хэлнэ лээ. Ерөнхийдөө төр оролцсон юм бүхэн удаан, хувийн хэвшлээс хоцорч явдагийн жишээ Тавантолгой ХК дээр үндсэн утгаараа байгааг хүлээн зөвшөөрч байлаа. Цагтаа Тавантолгой гэх том ордод эзэн байсан жижиг Тавантолгойчууд өдгөө өчүүхэн хэсэг дээр буюу 169 га талбайд үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Хөрс зузаарч, олборлолтын зардал, түлшний үнэ өсөөд байгаа ч өнгөрсөн онд тус компани 70 тэрбумын ашигтай ажиллажээ. Сар бүр улсын төсөвт 10 тэрбум төгрөг оруулдаг энэ компанийн 160-аад ажилчид өнгөрсөн жил цалингаа 50 хувиар нэмүүлж. Нэмүүлээд одоо цалингийн доод хэмжээ нь 400 мянга гэхээр тааруу дуулдаж байгаа юм. Р.Зоригтбаатар гуай 1 сая 200, Х.Түмэнбаяр захирал нь 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай гэсэн. Үйлдвэр эрхэлсэн дэд захирал нь 20 жилийн турш кемп дээрх намхан цагаан байшиндаа амьдарч байгаа гэхээр ажилчдын нийгмийн асуудалдаа хэр төвшинд анхаардаг нь харагдах шиг. Гэхдээ залуу боловсон хүчнүүддээ зориулаад 2 давхар сууц барьсан байна лээ. Ахмад ажилчин залуустай зэрэгцээд яахав гээд тийш нь ороогүй гэсэн. Тонн нүүрсийг аман дээрээс 38.5 ам.доллараар ачуулж байгаа тус компани улсад нөөц ашигласны төлбөр гэж таван хувийн татвар төлөхдөө Хятадын Засгийн газраас тогтоосон үнээр тооцож төлдөг. Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол гарснаар бүх төрлийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн сард БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл бүхий албан ёсны сэтгүүлд (China coal weekly, www.coalworld.net) нийтлэгдсэн үнийн жишгийг харгалзан сар бүр тогтоож байхаар болсон. Хятадын сэтгүүлд нийтлэгддэг үнэ нь тус улсын Засгаас тогтоосон үнэ. Сoalworld.net цахим хуудас дээр гаргасан нүүрсний үнэд тээврийн зардал, Хятадын Засгийн газраас тогтоосон 17 хувийн НӨАТ ба нүүрс боловсруулсан өртөг гэхчлэн шингэсэн байдаг юм. Тиймээс Тавантолгой ХК төдийгүй бусад бүх компаниуд ч Хятадын талын энэ олон зардлуудыг давхар үүрсээр, борлуулсан бодит үнээсээ илүү өндөр үнэнээс татварын хэмжээгээ тооцож төлж иржээ. Тэгэхээр Тавантолгой ХК-ийн уурхайтай хаяа нийлэн айлссан Эрдэнэс Тавантолгой компани төрийн өмч ч, татварын хэмжээнээс бултах газаргүй. Есдүгээр сарын 15-н гэхэд 17 кубын шанагатай том экскаватортой, 220 тонны даацтай 5 автосомсомалтай болно гэсэн хүлээлттэй байгаа тус компани 250 мянган тонн нүүрсээ ачуулсан. Одоо ачилт хүлээгээд складанд 60 мянган тонн бэлэн байгаа бол, олборлолтоо хүлээгээд байж байгаа 250 мянган тонн нүүрстэй байна. Энэ онд 1 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Цаашлаад хүчин чадлаа үе шаттайгаар нэмэгдүүлсээр жилд 15 сая тонн нүүрс гаргадаг болох бөгөөд тэр үед 400-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болох урьдчилсан тооцоо бий гэдгийг Уурхайн дарга Р.Нацагдаш хэлсэн. Багануурын уурхайд 15 жил ажилласан тэрбээр улс орны хөгжилд том хувь нэмэр оруулах том уурхайн даргаар ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа ч ярьж байлаа. Тус компанийн салбар хариуцсан захирал Б.Батсайхан хэлж буйгаар “600 уурхайчны иж бүрэн боловсон кемп байгуулахаар зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд цаашлаад 10 мянган айлын хотхоныг суурин маягаар төлөвлөн байгуулах төлөвлөгөө Засгийн газрын төвшинд яригдаж байгаа” гэлээ. Ордын Цанхийн хэсгийн зүүн блогт дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс Тавантолгой компанитай айлссан Тавантолгой ХК 169 га талбайгаа гүйцэд ашиглахын тулд ойлголцон, хамтарч ажиллахаас өөр аргагүй гэж Р.Зоригтбаатар гуай хэлж байсан. Дашрамд өгүүлэхэд, Тавантолгой ХК Өмнөговийн төв дээр нүүрс борлуулах гурван цэг байгуулж, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлд зориулж тонн нүүрсийг 8800 төгрөгөөр борлуулдаг юм билээ. Тэрчлэн нутгийн олныг цахилгаантай залгуулж нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулдаг гэж захирал нь өгүүлэх Тавантолгой ХК одоо байгаа талбайд нь 70 орчим сая тонн нүүрс байгаа гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна. Нарийвчилсан үнэлгээний дараа 50-60 сая тонн болж буурах магадлалтай гэж захирал нь хэлсэн. Мөн 1997 онд “Дайцүки” компанид булаалгасан газраа буцааж авахаар шүүх дээр зарга нь явж байгаа гэнэ. Бусад компаниудаас ялгарах нэг онцлог нь гурван үе дамжсан уурхайчид ажилладаг, жинхэнэ уурхайгаа дагаж төвлөрч амьдарч ирсэн хүмүүс гэдгээрээ бахархдаг “жижиг” Тавантолгойчууд эргэн тойрон дахь газруудаа “Эрдэнэс Тавантолгой”-д алдчихсан ч, төр түмний төлөөх компанитай хамтарч ажиллана гэж байна лээ. Либхер зэрэг сайн машин механизмуудтай “Эрдэнэс Тавантолгой “-той зохицож, тэднээс дутахгүй хурдтай олборлохын тулд хүссэн хүсээгүй техникийн шинэчлэл хийх шаардлага орон нутгийн Тавантолгой ХК-д тулгарчээ. Мөн Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудын кемп, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах байдал зэргээс ч жижиг Тавантолгой ХК-д сурах зүйл олон байгааг компанийн удирдлагууд хэлсэн юм. Тэгэхдээ шийдэх мэдэл нь ТУЗ-д л байгаа гэж байсан. Гэсэн ч эрүүлээр харвал нүүрсээ түшсэн өмнийн говийн бүтээн байгуулалт араасаа шинэ бүтээн байгуулалт, дэвшлийг дагуулсан дүр зурагтай харагдаж байна. Уурхай байгаа газар тоосгүй байна гэж хаа ч үгүй гэж Р.Зоригтбаатар гуай хэлнэ лээ. Гол нь уурхай төв суурингаас алслагдмал, баялаг тээвэрлэх дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, байгаль орчинд нөлөөлөх байдал харьцангуй бага, эдийн засгийн үр ашигтай байх ёстой билээ. Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nomio:
end dan yanhan vvrelsen gazar. manai nohor amedralaa deeshlvvleh gej yabaad yanhantai nohtsood gertee irehee boleson. 2 hvvhed ne hvnii gar harj zobj l yabna. haraal idmeer gazar
2012-08-28