Японы Гадаад хэргийн сайд Таро Коно энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол улсад айлчилсан.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд, Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээр хийх үеэр Хойд Солонгос барьцаалсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд тусламж үзүүлэхийг Монголын талаас хүссэн гэж NHK агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Таро Коно Монгол улс Хойд Солонгостой эртнээс найрсаг харилцаатай байдаг гэдгийг онцлоод, БНАСАУ-тай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Япон улс хүсч байгаа хэмээн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарт өгүүлсэн байна.
Үүний хариуд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Японы байр суурийг ойлгож байгаагаа илэрхийлээд, туслалцаа үзүүлэхийг зөвшөөрчээ.
Энд дуулгахад, 1970-1980-аад оны үед Хойд Солонгос япон иргэдийг барьцаалсан хэд хэдэн хэрэг гарсан юм. 2002 онд БНАСАУ япон иргэдийг барьцаалсан гэх баримтыг хүлээн зөвшөөрч, цаашид ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Хойд Солонгосын тусгай албаныхан нийтдээ 17 хүнийг барьцаалсан гэж үздэг бөгөөд 2002 оны намар 5 япон иргэн эх орондоо эргэн ирсэн байна.
Японы иргэдийг барьцаалсан нь Японы тусгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал бөгөөд энэ асуудлыг шийдэхгүйгээр Япон болон БНАСАУ-ын харилцаа хэвийн болох боломжгүй юм.
Тиймээс олон улсын шинжээчид, эртнээс БНАСАУ-тай найрсаг харилцаатай байсан, мөн Япон улстай дипломат харилцаатай Монгол улс энэ асуудлыг шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |