
2008 оны эдийн засгийн хямрал дэлхий дахины тэргүүлэгч гүрнүүдийг улс төр болоод эдийн засгийн хувьд нэн шинээр эрэмбэлэгдэхэд хүргэж дийлсэн бил үү. Хэрэв одоогийн уналтууд дэлхийн санхүүгийн шинэ хямралын эхлэл юм бол энэ хямрал шинэ хуваарилалтыг дагуулах болов уу гэхчлэн асуудлууд зайлшгүй гарч ирж байна. Гэхдээ өнөөдрийн тухайд хямрахгүй байх тухай ид ярьж буй билээ.
Угаас хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл уруудсаар байтал Холбооны нөөцийн сан байдал эвгүй байгааг давтан мэдэгдсэний зэрэгцээ мөнгөний бодлогод өөрчлөлт оруулна хэмээн дуугарсан нь, Европын өрийн асуудал дээрээс нэрвэн рейтингийн агентлагууд Итали, Америкийн арав гаруй банкны рейтингийг унагасан зэрэг цөөнгүй асуудлын нөлөөн дор өнгөрөгч долоо хоногт дэлхий хөрөнгийн захуудад хүчтэй уналт ирж, валютын захад ч эрчтэй хөдөлгөөн үүсч евро ам.долларын эсрэг багагүй төвшинд унахад хүрсэн билээ. 27-ны өдөр Америк, Европын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд өсөлттэй байсан бол 28-ны өдрийн мэдээ чихэнд чимэггүй байна. Америкийн хөрөнгийн захын гол индексүүд Dow, Nasdaq, S&P 500 уналттай байгаа бол, Европын биржийн FTSE 100, DAX, CAC 40, STOXX 50 индексүүд ч уначихаад байна. Европын орон тус бүрээр тухайлж авч үзвэл их өрийн эзэн Грекийн биржийн индексүүд бүгд самбар дээр ногооноор тэмдэглэгдэж байх юм. Өрийн хямралын дороос өндийж чадахгүй байгаа ч, нэмж 110 тэрбум долларын зээлээр өрөө баяжуулахаар болсон Грек улс Евро бүсийг зүдрээсэн буруутан гэгдэж байгаа ч, уг шалтгаан нь зөвхөн энэ улсад байгаа юм биш. Яагаад гэдгийг зах зухаас нь дор өгүүлэх болно.
Харин Азийн захын тухайд өчигдөр Shanghai Composite, Hang Seng, Seoul Composite индексүүд унаж, Японы Nikkei 225 өссөн үзүүлэлттэй байсан бол өнөөдөр Nikkei, TOPIX, Hang Seng бүгд уначихлаа. Хятад, Солонгосын биржийн индексүүд ч хасах үзүүлэлтүүдтэй байна. Тэгэхээр Европ, Америкийн хөрөнгийн захуудыг араасаа дагуулсан уналтыг өнгөрөгч долоо хоногт үзүүлсэн Азийн хөрөнгийн биржүүд савлагаатай хэвээр. Өчигдөр Америк, Европын нөхцөл эерэг мэт байсан ч, өнөөдөр тэд Азийн захуудтай ижил уналттай л байна.
Өнгөрөгч долоо хоногийн уналтаас хойш ажиглахад дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын гол цөм болсон Европ, Америкийн биржүүдэд өсөлт үе үе ажиглагдаад дэлхий дахиныг аврах амь тариа гэгдэж буй БРИКС-ийн гол тоглогч Хятад улсын биржийн индекс цөөн бус өдөр дараалан өсөлтийг үзүүлж дийлэхгүй байгаа дүр зурагтай.
Өнгөн талаасаа ингэж харагдавч, бат бэхийн хувьд Хятадын эдийн засаг бусдын урд гишгиж байгаа. Олон улсын валютын сангийн тэргүүн хатагтай Кристина Лагард БРИКС-ийн орнууд Хятад, Орос, Энэтхэг, Бразил зэргээс манай хоёр хөршийг онцлон тусламж хүсч буйгаа мэдэгдсэн билээ. Тэд ч Евро бүсийг хүнд байдалд орхих нь эрүүл бус хандлага гэдгийг эрхбиш ухамсарлаж байгаа. Евро бүс нь таагүй мэдээ дагуулан хөвөрч байгаа статистик үзүүлэлтүүдээсээ хагацахын тулд зайлшгүй байх ёстой мөнгөний хэмжээ нь триллионоор хэмжигдэж буй бол тус санд одоо байгаа нөөц нь 400 тэрбум. Хямралаас гарахын тулд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг авахад энэ хэмжээний хөрөнгө хүрэлцэхгүй. Тиймээс тусламж хүсээд буй.
Харин дорно дахины хүчирхэг луугаас дэлхийн хэмжээнд цойлон дүүлж буй Хятад улсын тухайд хямралын дороос өндийхийг эрмэлзэж байгаа Европын орнуудын бодлого, үйл ажиллагааг дэмжинэ гэдэг нь тэр дундаа эдийн засгийн тогтвортой байдлын төлөөх Евро бүсийн алхамд хувь нэмэр оруулахын тулд Франц улстай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэнээс баталгаажина. Америктай тэрсэлдэгч эдийн засагтай Хятад гүрэнд зорилгодоо хүрэхэд нь БРИКС-ийн бүлгийн бусад орнууд нь болоод Евробүсийн дэм байвал таатай нь мэдээж.
Гэхдээ зүдэрч байгаа евро бүсийн орнуудад зүв зүгээр хариу нэхэхгүй тусыг БРИКС гэгдэх мандан бадрагчид үзүүлэхгүй нь. Тэд ОУВС-гийн шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг ихээр оруулахыг эрмэлзэж буй бөгөөд тус сангийн гишүүн орнуудын тоо болоод удирдлагын эрх мэдлийн хуваарилалтад шинэ салхи орох цаг болсон гэдэг дээр нийлсэн санаатайгаар тусламжийн гараа нэгтгэхээр байна.
Гэхдээ одоогоор эцэслэгдсэн шийдвэрүүд гараагүй байна. Ирэх арваннэгдүгээр сард болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалт Евро бүс хямралаас гарах уу, гарлаа гэхэд евро гэдэг мөнгөн тэмдэгтийг хэдэн улс хэрэглэдэг болж үлдэх вэ, тэд хэрхэх вэ гэхчлэн асуудлуудад хариулт өгөх ихээхэн ач холбогдолтой гэдгийг ажиглагчид бичиж байна. Вашингтонд болсон Их 20-ийн уулзалт Евро бүсийг, еврог хэрхэн аврах вэ гэдэгт анхаарал хандуулсан уур амьсгал дор болж өнгөрсөн. Европыг торлосон өрийн асуудал дороос, нэгийгээ татан унагаж буй сөрөг байдлаас нэгдсэн цул бодлогын дор биш бол өндийж гарч ирэх нь эргэлзээ дагуулсаар байгааг мөн л онцолж байгаа юм.
Нэгэнтээ хямарчихсан мөн тэргүүлэгч орнуудыг Евро бүсээс тусгаарлах тухай шинжээчдийн янз бүрийн байр сууриуд сүүлийн өдрүүдэд илүү тод яригдах болов. Энэ нь евро мөхөх үү, сэхэх үү гэдэгтэй агуулга нэг асуудал. Дээр өгүүлж байсанчлан Евро бүсийн хямрал зөвхөн Грекийн өрөөс болсон гэвэл хэтрүүлэг болно гэдгийг онцлох нь зөв болов уу.
Тухайлахад, еврогийн ханш өнгөрсөн хугацаанд өндөр байж ирсэн ч, Европын холбоонд харьяалагдаж, нэг мөнгөн тэмдэгтээр малгай хийж ирсэн олон орнуудын тухайд тусгаар улсууд, тухайлсан мөнгөний бодлоготой орнууд гэдгийг нь хэрхэвч огоорч болохгүй нь одоо илүү тодорхой болж байна. Европ дахины эдийн засгийн хямралын учиг нь Грек болоод Италийн гадаад өр дааж давшгүй болсонтой холбоотой ч, хямрал ерөөс асуудалтай байгаа асуудлуудыг илчлэн харуулж байгаараа ач тустай байж ч болно. Тэр нь Евро бүс нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болсон нь алдаа байв уу гэхчлэн асуудлууд. Гэхдээ одоо гол асуудал Евро бүс хямралаас гарахад чиглэж байна. Хямралаас гарах учиртай Евро бүс болоод тэднийг аврах үйл ажиллагааг гүйцэтгэхээр эрмэлзэж буй ОУВС-гийн аль алинд шинэ хуваарилалт явагдаж болзошгүй дүр зураг харагдаж байгааг өгүүлэх байна.
Гэхдээ дэлхийн эдийн засаг 2008 оных шиг бүхлээрээ хямарч эхэлж байгаа тухай дэлхий дахинаар хүлээн зөвшөөрч байгаа нь гол аюул бөгөөд эхэнд өгүүлсэнчлэн шинэ хуваарилалт явагдаж болохыг үгүйсгэх аргагүй билээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ