Хойд солонгосчууд хүнсний дутагдалд орж, өлсгөлөнгийн ирмэгт тулжээ

АНУ-ын хориг арга хэмжээнээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэн будаа нийлүүлэх асуудлыг Өмнөд Солонгос НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хэлэлцэж байгаа талаар БНСУ-ын Нэгдлийн яам мэдэгдлээ.
“Цагаан будаанд хориг арга хэмжээ тавиагүй ч энэ бүтээгдэхүүнийг хүргэх хөлөг онгоцууд хязгаарлалтад орох магадлалтай. Тиймээс ч Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхөн АНУ-тай зохих зөвлөгөөнийг хийж байна. Мөн энэ хэлэлцүүлэгт Өмнөд Солонгосын Засгийн газар оролцож байгаа” гэж Нэгдлийн яамны төлөөлөгч мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээллээ.
Түүнчлэн, Дэлхийн хүнсний хөтөлбөр Хойд Солонгосд салбаруудаа олноор нээж, ажилтнуудынхаа тоог нэмэхээр төлөвлөж байгаа талаар онцолжээ.
Энд дуулгахад, зургаадугаар сарын 24-ний өдөр БНСУ БНАСАУ-ын иргэдэд хүмүүнлэгийн тусламж болгон 50 мянган тонн цагаан будаа илгээх ажлыг эхлүүлсэн. Нийтдээ 109,7 сая ам.долларын өртөг бүхий ачааг Өмнөд Солонгосоос НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр БНАСАУ руу илгээнэ гэж төлөвлөж байгаа юм байна. Мөн зургаадугаар сарын 11-ний өдөр Өмнөд Солонгос Хойд Солонгосд хүнсний тусламж үзүүлэхэд зориулан 8 сая ам.долларыг Дэлхийн хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлж байв.
Хойд солонгосчуудын хүнсний хангамжийн нөхцөл байдал
2019 он БНАСАУ-ын хувьд ихээхэн хүндрэлтэй он болж байгааг олон улсын байгууллагууд онцолсоор байгаа юм. Энэ жил тус улсын түүхэнд ховор тохиолдсон их ган гачиг тохиосон бөгөөд нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ны хооронд ердөө 56,3 мм хур тунадас орсон нь сүүлийн 102 жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт гэнэ.
Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул БНАСАУ-ын хэвлэл мэдээллүүд иргэддээ хандан усны шинэ эх үүсвэр олох, ган гачигтай тэмцэх хувьсгалт арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.
Энэ улс руу нийлүүлэх хүнсний нийлүүлэлтэд хяналт тавьж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчдийн мэдээлснээр Хойд Солонгосын 10 сая гаруй оршин суугч хүнсний дутагдалд орсон бөгөөд дараагийн ургац хүртэл хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд байгаа гэнэ. Үүний шалтгаан нь 2018 онд цаг уурын хүнд нөхцөл байдлын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн багад тооцогдох ургац хураасантай холбоотой юм байна. Мөн энэ жил ч ургац муу байх төлөвтэй бөгөөд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид мэдэгджээ.
Хойд Солонгосын эсрэг хоригууд
БНАСАУ-ын пуужин болон цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Япон, Европын холбоо, Австрали зэрэг орнууд энэ улсын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавиад олон жилийн нүүр үзэж байна. Анх 2006 онд Хойд Солонгос цөмийн зэвсэг анхлан амжилттай туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн туршилтуудаа зогсоохыг БНАСАУ-аас шаардан, энэ улс руу цэргийн техник мөн тансаг хэрэглээний бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон юм.
Үүнээс гурван жилийн дараа, Хойд Солонгос цөмийн хоёр дахь туршилтаа хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахин шинэ тогтоол гарган БНАСАУ руу зэвсэг нийлүүлэх хоригийг өргөжүүлэн, улмаар энэ улсыг зорьж буй бүхий л хөлөг онгоцуудыг шалган, цөмийн хөтөлбөртэй холбоотой байж болзошгүй аливаа ачааг устгахыг зөвлөж байв. Мөн 2013 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгос пуужин хөөргөж, цөмийн бөмбөг туршсан цуврал үйл явдлуудыг араас хоригоо улам чангатган, олон улсын санхүүгийн системээс БНАСАУ руу орох мөнгөн гуйвуулгад хориг тавьж байлаа. Улмаар дараа дараагийн цөмийн болон пуужингийн туршилтуудын араас Аюулгүйн зөвлөл болон олон улсын зүгээс тавих хоригууд улам чангарч, Хойд Солонгос гадаад ертөнцөөс бүрэн тасарсан гэхэд болно.
Хэдийгээр ийнхүү хориг арга хэмжээ тавьсан ч БНАСАУ нууцаар зэвсгийн худалдаа эрхэлж байгааг НҮБ-ын шинжээчид тайландаа тусгаж байлаа. Мөн эдгээр хориг арга хэмжээнүүд нь ямар ч ашиггүй, сөрөг үр нөлөө дагуулсан гэж үзэх ажиглагчид олон байдаг. Тэд Хойд Солонгосыг гагцхүү хоригоор тогтоон барих боломжгүй, хоригоос үүдэж энэ улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нь эргэлзээтэй гэж үздэг юм.
Мөн нөгөө талаас, цаашид ч хориг арга хэмжээг чангаруулах, тэр дундаа БНАСАУ-ын эрх барих дээд түвшний этгээдүүдийн оффшор дансыг царцааж, Хойд Солонгосын дэглэмийг дэмжиж буй гуравдагч орнуудын эсрэг нэмэлт хориг тавих ёстой гэж үздэг судлаачид ч цөөнгүй бий.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ