Эрхүү мужийн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү мужид өнгөрсөн зургаадугаар сарын сүүлийн өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орсны улмаас 55 тосгон, суурингууд үерт автаж 10 000 гаруй айл өрх, 32 800 иргэн үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан байна. Долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар үерийнн улмаас 18 хүн амь эрсдэж, 13 хүн сураггүй болсон тухай албаны эх сурвалж мэдээлж байна.
Одоогийн байдлаар үерийн бүсээс 2500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Гэвч өнөөг хүртэл үерийн голомтод 9 000 гаруй хүн, түүний дотор 2 300 орчим хүүхэд байгаа мэдээлэл байна.
Ингэж байгалийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн олон мянган айл өрх, иргэнд туслах хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачлан эхлүүлжээ. Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудыг уг хүмүүнлэгийн аянг дэмжихийг уриаллаа.
Хандивын аяны хүрээнд үерт орон гэрээ алдсан иргэдэд нэн тэргүүний шаардлагатай зүйлс болох дулаан хувцас, гутал, хөнжил, хивс, лаазалсан мах зэрэг шаардлагатай эд зүйлс цуглуулан, хүргэж өгөхөөр ажиллаж байна. Мөн орон гэргүй болсон айл өрхүүдийн 100 хүүхдийг Монголын хүүхдийн зусланд амрааж сэтгэлзүйн дэмжлэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар 100 хүүхдийг амраахад хүүхэд тус бүрийн 500 000 төгрөг буюу нийт 50 сая төгрөг шаардагдах аж.
Монголчууд бид Чернобилийн атомын цахилгаан станцын гамшиг, Хятадын Сичуан мужад болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг Монголд авчиран сувилж дэмжиж байсан туршлагатай. Тиймээс тусламжийн аяныг санаачилагч “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын зүгээс нийт гадаадад төгсөгч нар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Хандивын аяныг дэмжихийг хүссэн байгууллага, иргэд, Иркутскт төгсөгчид болон хүмүүнлэг сэтгэл, буяныг эрхэмлэгч хэн бүхэн:
99081118,
80006007,
99064204 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой. Хандивын зарцуулалт болон үр дүнг тус төрийн бус байгууллагаас хариуцан ил тод мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ