Шүүх танхимаас: Хүүгээ хутгалсан ЭЭЖ

Шүүхийн гадна болоод доторх хүлээлгийн зааланд байх хүмүүс бүгд л асар гунигтай харцтай. Аль нэг зүйлд сэтгэл чилээсэн нь илт. Эсвэл цагдаагийн хяналттай гавтай этгээдүүд орж гарна. Эд дундаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүлээлгийн танхимын хамгийн булангийн сандалд “шигдэх” шахам суух эмээ, өвөө хоёр олны харцнаас “хулгана”.

“Настай хүмүүс хохирогч л болж дээ” хэмээн бодож тэдний хажууд очин гэмгүй яриа өрнүүллээ.
- Та хоёрын шүүх хурал хэдэн цагаас эхлэх вэ? Хохирогч тал уу? гэвэл “Үгүй ээ шүүгдэгч тал. Насны “бөгсөнд” муугаа үзэж явна аа хүү минь” хэмээн эмээ яриа дэлгэж хамаг үнэнээ “асгаад” л орхилоо.
Нөхрийнхөө хамт насаараа төмөр замын салбарт зүтгэж өдгөө гавьяаны амралтдаа гарсан тэд таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Дөрвөн хүүхэд нь гадаад улсад боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч байгаа аж. “Айлд заавал нэг болохгүй хүн байдаг гэдэг үнэн юм. Уг нь манай том шүү дээ. Даанч бүтэл муутай хүнтэй суугаад тэрнээсээ салаад, архинд орчихсон” хэмээн ээжийгээ “буруутан” болгосон 40 настай хүүгийнхээ талаар санаа алдан ярьж байна.
2019 оны тавдугаар сарын 10-ны орой гэртээ оройн хоолоо хийхээр ногоогоо арилгаж суусан ижий дээрээ өнөөх “гайхал” хүү нь согтуу орж иржээ. Ижий аав дээрээ согтуу ирж буй тохиолдол анхных биш. Агсарч сагсуурах нь ч тодорхой байж. “Ээж рүүгээ л дайраад байдаг юм. Над руу гайгүй. Өдөр болгон ууна. Согтуу орж ирээд муу ээждээ агсам согтуу тавиад, цохиж зодно. Бид хоёр хэзээ орж ирж түйвээх бол доо гээд байнга айдастай байдаг” хэмээгээд өвөө ханийгаа өрөвдөнгуй ширтэв.
Энэ удаад ч агсам согтуу тавьдгаараа тавьж ээж нь ч айдастайхан хүлцэнгүй ноомой ногоогоо арилгаж суутал гэнэтхэн ээж рүүгээ дайраад өөрөө санамсаргүйгээр мэсэнд хүрч, гэмтэл авчээ. Ээж нь сандарч цусыг нь тогтоохоор эм, боолт болж суутал гэнэтхэн цагдаа хүрч ирээд түүнийг аваад явсан гэнэ. Хүү нь цагдаад дуудлага өгсөн нь тэр аж.
Ингээд хүний орчлонд 65 жил амьдрахдаа тэр анх удаа эрүүлжүүлэхэд хонож үзжээ. “Бүү үзэгд. Эрүүжүүлэхэд чинь яасан ч айхтар хүмүүс орж ирдэг юм. Дандаа залуухан согтуу хүүхнүүд. Эмээ та яагаад ороод ирээ вэ гээд надаас асууж байна. Ямар үнэнээ хэлэлтэй биш “Өвгөнтэйгээ маргалдаад аа” л гэсэн хэмээгээд муухан мушилзав. Маргааш нь өвгөн нь батлан дааж авснаар гэртээ харьжээ.
Хүүгээ эмнэлэгт хэвтүүлж, байгаагаа шавхан эмчлүүлсэн байна. Гэвч тэр эмнэлэгт 10 хоноод гарсан өдрөөсөө л дахиад архи ууж “хэрэг” тариад олон удаагийн давтан тул зургаан сарын хорих ял сонсоод “оджээ”.
“Үхтэл үр харам” юм болохоор бид хоёр л хоол унд хийгээд араас нь очиж байгаа юм. Түүнийг өөр хэн ч эргэж очих юм билээ” хэмээн эмээ үгээ дуусгалгүй нулимсаа арчив. Өвгөн нь үг нэмж “Энэ маань очоод л уйлчихсан. Цонхны цаанаас утсаар ярьдаг юм билээ. Уйлсаар байгаад л таарсан. Хүү нь “Бүх бурууг над дээр тохоорой” гэчихэж ээ бас” хэмээв.
Ингэж хүү нь ээжийгээ “хэрэгтэн” болгоод өөрөө хоригджээ. Ээж нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл ангиар буруутгагдаж өнөөдөр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд ирээд буй нь энэ.
11.3 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Төсөөлөхөд ч бэрх. Ач, зээгээ тойруулан жаргаж суух 65 насандаа тэр шүүхийн үүд сахина чинээ даанч санаагүй гэнэ.
Хууль бол хууль, шүүх бол шүүх. Хүний эрүүл мэндэд санамсар болгоомжгүйгээр хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан тул арга хэмжээ авч л таарна. “Тэнсэн гээчийг нь л авчих юмсан” хэмээн сэтгэлийн тэндээс залбирч суусан ахмадын шүүх хурал өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшиллоо.
Эмээ харваас хүнд гэм хийх нэгэн биш. “Шүүх гэдэг чинь айхтар л газар байна бурхан минь” хэмээн алга хавсраад хүзүүн дэх сахиусаа имэрч харагдав. “Найман сард бага хүү маань Солонгосоос ирж хурим хийнэ гээд байгаа. Тэгсэн ээж нь ийм байдалтай сууж байх ч гэж. Хоригдчихвол яана аа” хэмээн баахан хямрах аж.
Шүүх танхимын хаалга онгойх бүрт давхийтэл цочиж өвгөнийхөө бөөрөнд наалдан сандрах хөөрхий хөгшин өөрийнх нь хэлснээр нээрэн л хүүгийнхээ балгаар насны эцэст муугаа үзэж явна даа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ