
Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж үүнийг даган хэд хэдэн салбар эрчимтэй хөгжиж байгаа билээ. Уул уурхайн салбарын хажуугаар монгол улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа салбар бол яах аргагүй ханган нийлүүлэлтийн салбар юм. Энэхүү салбар нь төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг авдаггүйгээс гадна эрх зүйн зохицуулалт асар хомс байна.
Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2012 форум”-ыг “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү форумд уул уурхайн захирлууд, хангамжийн менежер, инженер, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцон уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн салбарын бодлогын асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн манай ханган нийлүүлэлтийн компаниудад нэгдэж ажиллах, томоохон компаниуд цаашлаад үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэйгээ гэрээ хийх мэдлэг туршлага дутмаг байдгийг өөрчлөх зорилготой. 3-р сарын 15,16-нд болох энэхүү арга хэмжээнд Монгол улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг голлох компаниуд бүгд оролцох ажээ.
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байгаа энэ үед үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн бас нэгэн шинэ боломж нээгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, суурин газраас алслагдсан бүсэд байрласан уул уурхайн компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжөөс эхлээд олон бараа, үйлчилгээг үзүүлж ашиг хүртэх боломж өргөн байна гэсэн үг.
Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг ажлын байраар хангах нэгэн том хөшүүрэг байх нь дамжиггүй. Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад 3300 ханган нийлүүлэлтийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ихэнх нъ гадны хөрөнгө оруулалттай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ