Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна
2019-07-17

Ногоон паспорт аяны шилдэг гишүүн Б.Номундарьтай ярилцлаа.

 

Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.

 

-Сайн байна уу  Намайг Б.Номундарь гэдэг 37-р сургуулийн ахлах ангийн сурагч. Сургуулийнхаа эко клубд сайн дурын ажил хийдэг.

 

Ногоон паспорт аянд хэзээнээс нэгдэж оролцож эхэлсэн бэ?

 

-Ногоон  паспорт аянд 2018 онд  хүүхдийн Найрамдал зусланд болсон эко клубуудын чуулга уулзалтанд оролцохдоо анх хамрагдсан. Ахлах ангийн сурагчдын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх нэгэн том боломж гэж ойлгосон.

 

Ногоон паспорт аяны идэвхтэй гишүүнээр шалгарч, Хонг Конг явах эрхээр шагнуулсан байсан?

 

Нийслэлээс таван хүүхэд хоёр багш шалгарсан. Миний хувьд нийслэлийн хэмжээнд ногоон паспорт эзэмшигч сурагчдаас хамгийн идэвхтэй, хөтлөлтэй сурагчаар шалгарч, аялаад ирсэн. Энэ аянд оролцсоноор ийм том боломж тохиосонд их баяртай байна.

 

Ногоон паспорт эзэмшигч ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

- Бид баг хамт олноороо жил болгон хоггүй хот, хандлага өөрчилье зэрэг олон уриалга гаргаж, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог. Манай баг эко сурвалжлага, нийтлэлийн төрөлд амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарсан. Байгаль орчинд ээлтэй, сурагчдад зөв дадал, хэвшил олгох талаар маш олон үйл ажиллагаа явуулдаг.

 

 

Ногоон паспорт аянд хамрагдаж, гишүүн болсны давуу тал юу вэ?

 

-Сурагчид байгаль дэлхийгээ хамгаалах нь хичнээн чухал болохыг ойлгож, мэдэж авдаг. Тус аянд ЕБС-ийн сурагчид болон багш нар оролцох боломжтой. Анги хамт олноороо хамтарч, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас ч илүү түгээж, ажилладаг нь хамгийн том давуу тал юм.

 

 

 Ямар шалгуур хангасан сурагчдад ногоон паспорт олгодог вэ?

 

-ЕБС-иуд дээр хэрэгжиж эхэлсэн эко клубын хүүхдүүд ногоон паспорт аянаас гаргасан тэмцээнд оролцдог. Мөн 12 хуудас бүхий жижиг дэвтэр олгодог. Дэвтрийн хуудас бүрт нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ гэх мэт өөр өөр агуулгатай. Тэр дадлуудыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж тус бүртээ оноо цуглуулах юм.

 

Эрх жил ногоон паспорт аянд оролцохыг хүсч байгаа сурагчдад зөвлөөч?

 

-Ирэх жил олон үйл ажиллагаа биднийг хүлээж байгаа. Сургууль болон шилдэг хүүхдүүдтэйгээ олон үйл ажилд хамрагдаж амжилттай оролцвол олон улсын сургалтанд баг хамт олноороо хамрагдах боломжтой. Мөн байгаль дэлхийгээ хайрлаж чаддаг иргэн хүн болж чадна. Тиймээс өөрийгөө сорьж, эрүүл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулаарай гэж хүсч байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

И.Сарангоо

Shuud.mn
Сонин хачин