Ахмад сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар боллоо

img

 

Ахмад сэтгүүлч А.Баярмагнайд орчин үеийн Монголын нийгэмд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх, Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх, ардын уламжлалт их өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр хийж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Тэрээр 1964 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн факультет, 1978 онд Москвад ОХУ-ын Цэргийн Их сургууль төгсөж сэтгүүлч, цэргийн улс төрийн мэргэжил эзэмшсэн. 

Төв аймгийн сонины сэтгүүлчээр 1964 онд ажлын гараагаа эхэлж, “Ардын Арми” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Улаан од” сонины Ерөнхий эрхлэгч, Монголын Ардын Армийн Ар талын газрын намын хорооны дарга, Тусгаар тогтнол (Улаан од) сонины Ерөнхий эрхлэгчээр гуч гаруй жил ажилласан байна. 

Тэрээр төр цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлэхийг санаачлан энэ хүрээнд 

-1988-90 онд төрийн хүндэт харуулын цэргийн ёслолын хувцасыг өөрчлөх

-Бүх цэргийн догшин хар сүлдийг 21 аймгийн 331 сумын адуун сүргийн азарганы дэл сүүлээр бүтээх

-Монголын тулгар төрийн үүслийн тухай цуврал нийтлэлийг 35 жилийн өмнөөс зохион байгуулж, энэ чухал санааг Үндэсний их баяр наадмын хуульд суулгах ажлыг хийжээ. 

Мөн Монголын морин спорт уяачдын холбоог нөхдийн хамт үүсгэн байгуулж Монголын хурдан морьны уралдааны 21 дүгээр зууны шинэ чиг хандлагыг тодорхойлсон.

Үндэсний их баяр наадмын сэдвээр 60 гаруй жил судалгаа хийж Монголын хурдан морины уралдааны сэдвээр 50 гаруй өгүүлэл 10 гаруй ном, товхимол бичиж хэвлүүлэн 1997 онд Монголын Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнд “Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлал” сэдвээр Түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Үүний зэрэгцээ Монголын шагайн холбоог санаачлан байгуулж, ардын үндэсний тоглоомыг үндэсний спортын төрөл болгоход хувь нэмрээ оруулсан байна. 

Үндэсний өв соёл Монголын Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн багийг ахлан ажилласан эрхэм юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ