Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн нэр томъёо тов тодорхой байх ёстой

img

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.17) хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  төсөлтэй холбоотой саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн юм. 

 

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн өнөөдрийн хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалж, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго,  референт Б.Золбоо нар оролцов. 

 

 

Хурлын эхэнд О.Мөнхсайхан доктор хэлэлцэх асуудлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, тэдгээрийн үндэслэлийг танилцуулсан. Эдгээр санал бүрийг дэд ажлын хэсгийн гишүүд дэлгэрэнгүй хэлэлцэж, үндэслэл, тайлбараа гаргаж байв. Дэд ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатарын бичгээр ирүүлсэн саналуудыг хурал даргалагч доктор О.Мөнхсайхан уншиж, танилцууллаа.  

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанд оролцож, зарим асуудлыг хэлэлцэх үеэр санал, үндэслэл, тайлбар хэллээ.  

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, Ерөнхийлөгч эл шийдвэрийг батламжлахтай холбоотой заалтуудыг хэлэлцэх үеэр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж үгийн төгс утгыг илэрхийлсэн томъёолол гаргах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Мөн “Хууль зүйн бичлэгийн техникийг зөв хийх учиртай. Хуулийн заалт бүр нэг өгүүлбэр байна гэж үзээд байгаа, угтаа бол нэг санаа үргэлжилж байгаа тохиолдолд тухайн заалт дотроо багцаараа байвал хэрэглэж, тайлбарлах хүндээ оновтой, тодорхой болдог ач холбогдолтой” гэлээ. Энэ хүрээнд тэрбээр төслийн зарим заалтын томъёололтой холбоотой тодорхой саналуудаа танилцуулсан.  

 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр “Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй, тов тодорхой, маш богинохон, монголчуудын хэлдгээр “шахсан бяслаг” шиг байх ёстой юм” хэмээн профессор Н.Лүндэндорж тодотгов. Ингээд тэрбээр зарим заалтын томъёололтой холбоотой санал, тайлбараа дэлгэрэнгүй танилцуулсан.  

 

Ийнхүү Улсын Их Хурлын хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг дэд ажлын хэсэг хэлэлцэв. Энэ талаарх дэд ажлын хэсгийн тайлбар, үндэслэл, санал, томъёоллоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алуурчин өвгөн зайлаач ээ? санаатай, санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн бол бурхан шиг сайн бсан ч төрийн өндөр албан тушаалд ажиллуулж болохгүй
2019-07-19
Одоо энэ алуурчин Лүндэндорж гэх өвгөн болимоор юмаа
2019-07-18
зочин:
Энэ хүний мэдлэг чадварыг ашиглах нь буруу биш байхаа. Тэр нэгэн санамсар болгоожмгүй хэргээс болоод үүрд энэ хүн дуугай байх ёстой гэж үү.
2019-07-18
Лүндэндорж зайлаач:
Муу авилгачин
2019-07-17
нэг л зүйл хэлэе ХУУЛЬ зүйн сайдын УИХ байнгын хорооны хурал дээр хэлсэн Лүндэндоржоо чи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайря алсан гэмт хэрэг үйлдсэн хүн биздээ гэж хэлсэн санагдах юм Монголд ийм хүнээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд Гэмт хэрэгтнийг оруулж байгаад ард иргэд дургүйцээд байгаа юм шүү дээ. Энэ одоо тэгээд бас л шударга явдал уу.
2019-07-17