Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой


Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ: 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хангай нурууны өврийн Онги гол Сайхановоо сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-50 см нэмэгдэж, Онги гол үерийн түвшинд хүрсэн бол Сэлэнгэ мөрөн олон дундаж түвшинг 30-135 см давсан байна.
7 дугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 20-35 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэнэ. Мөн Үүр, Байдраг, Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн энэ амралтын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно. Тухайлбал, 20-нд баруун аймгийн баруун хэсгээр, төвийн аймгийн зарим газраар, зүүн аймгийн ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг орох тул аян замд гарах, амралт зугаалгаар явах бол үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ