Г.Өгөөмөрбаян: Аав, ээжээс минь ялгаагүй хүмүүсийг яаж ийгээд л аврая гэж бодсон

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Буриад улс болон Сэлэнгэ аймгийн хилийн сумууд хамтран тэмдэглэдэг “Эв модны” наадам зохион байгуулагджээ.
Энэ үеэр Алтанбулаг суманд дуу цахилгаантай бороо орж, удалгүй хүчтэй аадар орсон байна. Тухайн үед “Эв модны наадам”-ын бөхийн барилдааны хэсэг сумын төвөөс холгүйхэн орших наадмын талбайд болж, наадамчид олноор цугларсан үед үер буужээ. Үерийн улмаас дөрвөн зорчигчтой автомашин усанд урсан, хүний амь нас эрсдэх дөхсөн аюултай тохиолдол гарсан байна.
Хүчтэй үерийн урсгалд урсан явсан машиныг ДГА6399 дугаартай Ланд Круйзер маркийн машинтай залуус даган, явган хүний гүүрэнд тээглэн түр зогсох үед урсаж явсан машин дотор байсан дөрвөн иргэний амь насыг аварчээ.
Байгалийн гамшгийн үеэр иргэдийн амийг аварсан хүмүүс нь Г.Өгөөмөрбаян, Г.Ганзориг, Ё.Баярсайхан, Т.Эрхэм-Оргил нар байсан бөгөөд тэд тухайн үед Дорноговь аймгаас ирж, Алтанбулагийн наадам үзэн амарч явсан аж.
Олон хүний амь аварсан залуусын нэг болох Г.Өгөөмөрбаянтай утсаар холбогдон, болсон явдлыг тодрууллаа.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд их хүчтэй аадар орж, хоромхон хугацаанд үер буусан гэсэн. Урсаж байгаа машиныг яаж харав, хүмүүсийг аврахад хүндрэлтэй байсан уу?
- Бид Дорноговь аймагт ачаа тээврийн ажил эрхэлдэг хүмүүс. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд найз Т.Эрхэм-Оргилынд амралтаараа очиж, талбай орж бөх үзэх гэж явсан юм. Гэтэл гэнэт хүчтэй аадар бороо орж үер буусан. Тэр үед 9106 СЭҮ дугаартай улаан машин урссан. Бид араас нь гарах гэж байсан ч яах ийхийн зуургүй үерийн түвшин нэмэгдэж, улаан машин тэр чигтээ урсчихсан. Тэгээд араас нь шууд дагаж яваад гүүрэнд тээглэхэд нь цонхоор нь гаргаж авсан.
- Та бүхний авсан зурган дээр машин нь эвдэрч, усан дотор их л аюултай нөхцөл байдал харагдаж байна билээ?
- Тийм ээ, гэхдээ бид тэр үед энэ хүмүүсийг яаж ийгээд л аврая, аав ээжээс минь ялгаа юу байх вэ гэж бодож байлаа. Цаг мөчтэй уралдаж хүмүүсийг аврах нь л чухал байлаа.
- Олон нийтийн сүлжээгээр хүмүүс та бүхэнд их талархаж байна. Аймаг сумдын албаны хүмүүс холбогдов уу?
- Сэлэнгэ аймгийн ахмадын хороодоос холбогдож баярласнаа илэрхийлсэн.
- Олон хүний амь нас аварсан та бүхэнд талархлаа илэрхийлье
- Баярлалаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ