Бүгд амарч байх зуур өрнөж буй эсэргүүцлийн давалгаа 

img

Энэ оны зун үргэлжилж байгаа олон нийтийн хамарсан эсэргүүцлүүд ухаалаг төхөөрөмж, сүлжээний технологи ашигласан, олон улсын хэвлэлээс дэмжлэг авсан, орон нутгийн цэргийнхэнтэй сөргөлдсөн гэсэн үндсэн шинж чанараараа адил байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Бүгд амарч байх зуур үл намжин, ид дундаа явж байгаа эсэргүүцлийн давалгааг ТАСС агентлаг тоймлосноор хүргэж байна. 


Венесуэл: Гуайдо Мадурогийн эсрэг

 

Венесуэл дэх эсэргүүцлийн давалгаан сүүлийн хэдэн жил үргэлжилж, харин энэ оны нэгдүгээр сард Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласнаас хойш дахин дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон юм. 


Сөрөг хүчний удирдагч тэрбээр 2018 онд Николас Мадуро ялалт байгуулсан сонгуулийг хүчингүй хэмээн зарласан. Хүчээ авсан эсэргүүцлийн жагсаал цагдаагийнхантай мөргөлдснөөр үргэлжилж, улмаар гудамжны тулаанаар өндөрлөсөн юм. Энэ эмх замбараагүй байдлын улмаас 50-100 хүн амиа алдсан гэж эх сурвалжууд зөрүүтэй тоогоор мэдээлсэн хэвээр байна. 


Сөрөг хүчнийхэн эрх баригчдыг “тэнгэрт хадсан” инфляци, бараа бүтээгдэхүүн хомсдсон дэлгүүртэй эдийн засгийн уналтад буруутгаж байгаа юм. 2019 оны гуравдугаар сард Венесуэлд цахилгаан тасарч, улс даяар харанхуй болсон энэ тохиолдол хэдэнтээ давтагдсны дараа Гуайдо эрх баригчид руу хийх дайралтаа улам хүчтэй болгосон юм. Гэхдээ Мадуро бууж өгөөгүй, болсон явдалд АНУ-ыг буруутган, эрчим хүчний систем рүү нь Америкийн хакерууд довтолсон гэж мэдэгдэж байв. 


2019 оны хавар Гуайдогийн гол асуудал тодорхой болсон юм. Эрх мэдлийг гартаа авахын тулд армийн дэмжлэг хэрэгтэй болов. Гэвч Мадуро генералуудад санал болгосон нөхцлүүд илүү ашигтай болж таарсан юм. Мадуро тэдэнд өөрийгөө ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд газрын тосны экспортоос хувь онооно хэмээн амлажээ. Үүнийг давахын тулд сөрөг хүчний удирдагч гаднаас дарамт шахалт үзүүлнэ гэж найдсан ч нэг их амжилтанд хүрсэнгүй. АНУ болон Европын холбооны орнууд Венесуэлийн эсрэг хориг тавьсан ч Ерөнхийлөгчдөө үнэнч зүтгэх армийнхны бодлыг эргүүлж чадаагүй юм. 


Одоо бүх зүйл Мадурогийн талд үйлчилж байна гэж хэлэхэд болохоор. Төрийн тэргүүн болон түүнийг эсэргүүцэгчид тавдугаар сард Норвегид, долоодугаар сард Барбадос аралд хэлэлцээр хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.Сөрөг хүчин бүтэлгүйтэх тусам тэднийг дэмжихэд бэлэн хүмүүсийн тоо улам бүр л буурах юм. 


Франц: Сүүлчийн “шар хантаазтнууд” юу ч болсон зогсохгүй 

 

Шар хантаазтнууд хэдхэн зуугаараа л үлдсэн, гэхдээ тэд бууж өгөхийг огтхон ч хүсэхгүй байна. Бастилийг эзлэсэн өдөр буюу долоодугаар сарын 14-ний өдөр Францын сөрөг хүчнийхэн болох “шар хантаазтнууд” дахин нэгдсэн юм. Энэ өдөр тэд Елисейн талд Эммануэль Макроныг эсэргүүцэн жагсаж, дараа нь цагдаагийнхантай мөргөлдөн, хөдөлгөөний удирдагчид дахин баривчлагдсан юм. 


2019 оны эхээр, шатахууны татварыг эсэргүүцсэн энэ хөдөлгөөн ихээхэн эрч хүчтэй гарч ирэн, францчуудын ихэнх нь дэмжиж байв.  Гэвч Блэк Блок нэрээрээ алдартай хэт даврагсад жагсаалд оролцон, үймээн тарьснаар “Шар хантааз” хөдөлгөөнийхний нэр хүнд ихээхэн унасан юм. 


Энэ удаад бүрэлдэхүүн нь эрс цөөрсөн “шар хантааз” хөдөлгөөнийхөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, тансаг зоог барьсан экологийн сайд асан Франсуа дё Рюгитэй холбоотой шуугиан дээр дөрөөлөн “шударга ёс гэж хаана ч алга” хэмээн жагсжээ. 


Францад амралтын улирал хэдийнэ эхлэсэн тул энэ хөдөлгөөнийхөн намар гэхэд эсэргүүцлийн арга хэмжээ дахин сэргэнэ гэж найдаж байгаа юм байна. 


Алжир: Жагсагчид армийн эсрэг 

Хойд Африкт энэ жил олон нийтийг хамарсан эсэргүүцэл Рамадан сараар ч зогсоогүй. Хоёрдугаар сарын 22-ноос эхлэн эрх баригчдыг огцруулах хүсэлтэй хүмүүс исламын амралтын өдөр болох баасан гариг бүрт эсэргүүцлийн жагсаалд нэгдэх болсон. 


Долоодугаар сарын таванд болсон жагсаал нь 20 дахь удаагийнх болсон юм. Тэд “Зайлцгаа, манай орныг чөлөөл”, “Ардчилсан, эрх чөлөөт  Алжирын төлөө”, “Генералууд болно! Хангалттай! ” гэсэн уриа барин жагсацгааж байгаа. 


Өнгөрсөн өвөл алжирчууд сүүлийн хэдэн жил тэргэнцэр дээр суун, эрүүл мэнд нь доройтсон хүнд өвчинтэй Ерөнхийлөгч Абдель Азизаас татгалзахаар анхлан жагсаж байлаа. Ерөнхийлөгчийн эргэн тойрныхон түүний эрүүл мэнд үүрэгт ажилд нь нөлөөлөхгүй гэж үзэн Абделийг дахин нэр дэвшүүлсэн нь олон нийтийн эсэргүүцлийг төрүүлсэн юм. 


Анхандаа энэ хэрэгт арми оролцолгүй, эрх баригч болон жагсагчид хоорондоо учраа олох боломжийг олгосон ч дараа нь Ерөнхийлөгчийн эсрэг зогсон, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шахсан юм. Харин үүний дараа улс орныг цэргийнхэн хяналтандаа авсны дараа алжирчууд генералуудыг төрийн эрх мэдлээс холдуулахыг шаардан, тэд байсан цагт Ерөнхийлөгчийн сонгууль үнэнч шударгаар явахгүй гэж үзсэн хэвээр байна. Энэ улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тов өнөө хүртэл гараагүй. 


Судан: Зуу орчим хүн амиа алдав 

 


Африкийн өөр нэгэн орон болох Суданд мөн л иргэний нийгмийн төлөөлөгчид болон цэргийнхэн хоорондоо сөргөлдөж байна. Энэ улсад 2018 оны 12 дугаар сард дарангуйлагч Омар-аль-Башир хүнсний үнийг эрс нэмэхийг зөвшөөрсний дараа эсэргүүцлийн давалгаа эхлэсэн юм. Алжирын жишээтэй адилаар нас өндөр болсон аль-Башир зэвсэгт хүчинд тавих хяналтаа алдсан бөгөөд чухамхүү энэ нь эгзэгтэй мөчид эрх мэдлээ алдах нөхцөл болсон юм. 
Иргэдийн жагсаал цуглааныг ашиглан цэргийнхэн нэр хүнд муутай Ерөнхийлөгчийг огцруулж, улмаар эрх мэдлийг гартаа авсан. 
Мөн л Алжирын адилаар жагсагчид армийг улс төрөөс явахыг уриалж, нийслэлийн төв хэсэгтээ суулт зарласан байна. Цэргийнхэн тэднийг тарахыг шаардсан ч суулт зарласан иргэд татгалзсан тул хүчээр тараах ажиллагаа явуулж, улмаар 100 орчим хүн амиа алджээ. 
Хэдийгээр нөхцөл байдал хурцадсан ч Суданы арми болон сөрөг хүчин хоорондоо тохиролцохоор хичээсээр байна. Тэд долоодугаар сарын 17-ны өдөр эрх мэдэл хуваах, Суданыг хамтдаа удирдах хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан ч энэ буултад бүх хүн сэтгэл ханамжтай байсангүй. Африкийн энэ улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. 


Хонконг: Жагсаал мөн үймээн

 

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн эсвэл эрэн сурвалжилж байгаа этгүүдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонгконгийн эрх баригчид хэлэлцэхээр төлөвлөснийг эсэргүүцэн зургаадугаар сард Хонгконгд  олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарч байлаа. 

Долоон сая гаруй хүн амтай Хонгконгийн хоёр сая гаруй хүн жагсаалд нэгдэн, энэ жагсаал удаа дараа зохион байгуулагдсны дараа олон нийтийн шахалтаар эрх баригчид хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж мэдэгдэж байв.


Гэсэн ч Хонгконгд эсэргүүцлийн давалгаа намдсангүй, өнгөрсөн ням гаригт гэхэд л 400 мянга гаруй хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр эмх замбараагүй байдал үүсчээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ