С.Мягмаржав: Шаардлага хангасан дадлагажигчийг төрийн албанд зуучилна

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс  “Туршлага 1 сар” аяныг зохион байгуулж эхэллээ. Энэ аяны талаар НЗДТГ-ын бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржаваас тодрууллаа.

 

-“Туршлага 1 сар” аяны талаар мэдээлэл өгөөч?

 

-Оюутан залууст төрийн албанд хэрхэн ажиллах талаар суурь мэдлэг өгөх зорилгоор энэ аяныг эхлүүлж байна. Цаашлаад өөрийгөө нээн харуулах, ямар зорилготойгоо тодорхойлох боломжийг дадлагажигчдад олгох юм.

 

-Хичнээн хүний дадлагажигчаар авах вэ? Хүний тоо хязгаартай юу?

 

-Хүний  тоо хязгааргүй. Бүртгэл одоо ч явагдаж байгаа. Өчигдрөөс эхлээд эхний 15 хоногт бүртгэл явагдана. Дадлага хийсэн хоногийн дагуу албан бичиг хийж өгнө. Гэхдээ мэдээж эрт бүртгүүлбэл олон хоног дадлагажина.

 

-Бүртгүүлэх хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

 

-Ямар ч хүн байж болно. Төгссөн мэргэжлээрээ ажилладаггүй туршлагажиж амжаагүй залуус, мөн оюутнууд танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа ч хийх боломжтой.  Шаардлага хангасан далдлагажигчийг цаашид төрийн албанд ажлын байранд зуучилна.

 

-Ямар шаардлагыг хангах ёстой вэ?

 

-НЗДТГ өөрийгөө  хөгжүүлэх зориолготой  оюутан залуусыг дэмжихэд анхаарч байна. Дадлагажигчийн  хандлага, боловсролын түвшин зэргийг  харгалзан үзэх юм.

 

-Одоогийн байдлаар хэдэн хүн бүртгүүлсэн байгаа вэ?

 

-Аян долоодугаар сарын 31-нээс эхэлсэн. Одоогийн байдлаар гурван дадлагажигч бүртгүүлсны хоёр нь оюутан байна. Аян сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөр бүр бүртгэл явагдана. 

 

-Ямар бичиг баримттай ирж бүртгүүлэх вэ?

 

-Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх, сургууль төгссөн бол сургуулийн диплом, ажилладаг бол нийгмийн даатгалын дэвтэр холбогдох чиглэлээрээ мэргэжил дээшлүүлсэн бол түүнийг батлах бичиг баримтаа авчрах шаардлагатай.

 

Т. Номин-Эрдэнэ             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ