Улаанбаатар хотын авто замыг А, В, С бүсэд хуваан А, В бүс буюу хотын төв рүү татвар, торгуулиа төлөөгүй, өнгө үзэмж муутай автомашиныг нэвтрүүлэх байх зохицуулалтыг хийхээр төлөвлөөд буй. Түгжрэлийг сааруулах зорилгоор энэ сарын 15-наас эхлүүлэхээр зэхсэн энэ ажилд ард иргэд бухимдалтай хандаж буй. Албаныхан үүнээс бага зардлаар богино хугацаанд хэрэгжүүлж болох төлөвлөлт одоогоор байхгүй гэж үзжээ.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 501934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байгаа юм.
Улаанбаатар хотын авто замыг бүсчлэх болсон нэг шалтгаан нь замын хөдөлгөөнтэй холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, техникийн хяналтын үзлэг, татвар, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох сахилга хариуцлагыг сайжруулах, зөрчлийн торгуулийг төлүүлэх ажил. Өөрөөр хэлбэл дээрх зөрчил бүхий тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тухайн бүсэд ямар ч тохиолдолд нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Жолооч хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд чөлөөтэй нэвтрэх эрхтэй.
Сүүлийн 4 жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн тохиолдол бүртгэгдсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа гэдгийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн.
Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа аж. Угтаа Улаанбаатар хотод бүртгэлтэй 500 гаруй мянган автомашины жолоочийн 63 мянга нь 10 ба түүнээс дээш торгуультай гэнэ. Энэ нь зөрчил гаргасан ч гэсэн хариуцлагаа хүлээхгүйгээр хөдөлгөөнд оролцдог, цаашлаад осол зөрчил гарах дасал болж байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг ч учирласан байна. Албаныхан ийнхүү богино хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахдаа автомашины тоог тодорхой хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх, хувийн автомашины хэрэглээг зүй зохистой болгох, түүгээр хийгдэх зорчилтын үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Тэгвэл иргэд ямар байр суурьтай байна вэ?
Иргэн Б өөрийн хувийн автомашинаар “халтуур” хийж, өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 2018 онд 500 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээгээд байгаа аж. Жил бүр энэ хэмжээний мөнгөн торгууль төлдөг бөгөөд “халтуур” хийдэг хүмүүс илүүтэй торгуульдаг тухай хэлж байна.
Учир нь нэгдүгээр эгнээнд зогсож зорчигч авах зайлшгүй шаардлагатай, зорчигчийн хүсэлтийн дагуу уулзвар нэвтрэхдээ эгнээ байраа буруу эзэлж, түүнээс улбаалан торгуулах тохиолдол элбэг байдаг тухай учирлав.
Огт торгуульгүй жолооч тун цөөн гэдгийг ч иргэд хэлж байна.
Г.Сүрэн