Байшин барилга барихыг хориглосон 32 байршлыг зарлалаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн эзэмшлийн 32 байршлыг хамгаалалтад авч, байшин барилга барихыг хоригложээ. Өмнө нь 2009, 2010 онд 86 байршлыг нийтийн эзэмшилд бүртгэж байсан аж. Гэтэл тухайн газруудад газар эзэмших эрх олгож, байшин барилга барьсан зөрчил илэрсэн байна. Тухайн газрууд эзэнгүй, хяналт сул байснаас бусдын эзэмшил болсон учраас шинээр нийтийн эдэлбэр болгосон газруудыг мэдээллийн санд бүртгэж, албажуулсан байна. Мөн арчлалт хамгаалалтыг тухайн дүүрэг хариуцах аж. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатараас тодрууллаа.

-Одоогоор ямар газруудын эрхийг цуцлаад байгаа вэ?
Энэ 32 байршлаар бидний ажил зогсохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүхий л нийтийн эдэлбэр газрыг албажуулж, газрын мэдээллийн санд бүртгэнэ. Одоогоор УДЭТ-ийн өмнөх талбайг нийслэлийн Засаг даргын 2017 оны 91 тоот захирамжаар Улаанбаатар капитал компанид 15 жилээр эзэмшүүлсэн байсныг хүчингүй болгож, нийтийн эдэлбэр газраар бүртгэж авсан. Мөн Сүхбаатарын талбайн урд талын газар, Хан-Уул дүүргийн 1-р хороо Тэмээтэй хөшөөний баруун хойд талын талбай, МУИС-ийн II байрны урд талын газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд бүртгэсэн. Хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод нийтийн эдэлбэр газарт барилга байшин баригдахаас сэргийлж, газрын эрхийг хүчингүй болголоо.
-Нийтийн эзэмшилд байшин барилга барьсан тохиолдол цөөнгүй байдаг. Энэ хэн нэгэн албан тушаалтны санаатай үйлдэл үү?
-Нийтийн эдэлбэр газрыг эзэмшүүлсэн нь хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа. Тухайн газарт байшин барилга барьсан асуудлыг бид судалж байна. Албан тушаалтан газар эзэмших эрх олгож уу, эсвэл иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан уу гэдгийг судалж байгаа. Албан тушаалтан газар эзэмших эрх олгосон бол газрын эрхийг цуцална. Харин огт зөвшөөрөлгүйгээр байшин барилга барьсан бол хуулийн хүрээнд албадан буулгах ажиллагаа явагдана.
-Газрын маргаан хуулийн хүрээнд, шүүхээр шийдэгдэнэ гэлээ. Тэгвэл олгосон албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?
-Албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байх юм бол хариуцлагын асуудал яригдана.
-Албан тушаалтнууд нийтийн эзэмшлийг бусдад эзэмшүүлэхдээ Газрын албанд огт мэдэгддэггүй гэсэн үг үү?
-Нийслэл болон дүүргийн Засаг дарга нар газар олгодог. Харин Газрын алба мэргэжил аргазүйгээр хангах ёстой. Тухайн албан тушаалтан манайд мэдэгдэхгүйгээр шууд олгосон эсэх нь шалгалтаар тогтоогдоно.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ