Б.Бямбажав: Эхийн сүү зөвхөн хүүхдэд зориулагдсан дахин давтагдашгүй найрлагатай

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн сүүний долоо хоног үргэлжилж байна. Үүнтэй холбогуулан ЭХЭМҮТ-ийн нярай судлалын төвийн их эмч Б.Бямбажаваас эхийн сүүний талаар тодрууллаа.
-Эхлээд та эхийн сүүний ач холбогдлын талаар ярьж өгөөч?
-Дэлхий нийтээр эхийн сүүний ач холбогдлыг судалж, сүү орлуулагчаас татгалзаж эхэлсэн. Тиймдээ ч дэлхий даяар эхийн сүүний ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Эхийн сүүний долоо хоног”-ийг тэмдэглэдэг байгаа. Эхийн сүү нь өөрөө хүүхдэд зориулагдсан цор ганц дахин давтагдашгүй найрлагатай байдаг. Хүмүүс бүх ээжийн сүү адилхан гэж ойлгодог. Гэтэл тухайн ээжийн сүү зөвхөн хүүхдэдээ зориулагдсан найрлагатай гэдэг нь батлагдсан.
-Хүүхдийг яагаад зөвхөн эхийн сүүгээр хооллох ёстой вэ?
-Эхийн сүүний найрлага нь маш баялаг шим тэжээл, уураг, өөх тостойгоос гадна дархлааг хамгийн эхээр агуулсан байдаг. Эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн дархлаа нэмэгдэж, тархины хөгжил өсөлт бойжилтод эерэгээр нөлөөлнө. Ямар ч үнэтэй орлуулагч бүтээгдэхүүн эхийн хөхний сүүг орлож чаддагүй. Нярай буюу 6 сар хүртэл хүүхдийг дан хөхний сүүгээр хооллох ёстой. Ингэж хүүхэд дархлаа авснаар гадаад орчны нөлөөнөөс үүдэж өвчлөхгүй. Судалгаагаар хөхний сүүгээр хооллосон хүүхэд халдварт өвчнөөр өвчлөх нь маш бага байгааг тогтоосон.
-Хүүхдийг хэдэн нас хүртэл нь хөхний сүүгээр хооллох ёстой вэ?
-Хүүхдийг хоёр нас хүртэл нь хөхний сүүгээр хоолловол тохиромжтой гэж үздэг. Зургаан сар хүртэл нь дан хөхөөр нь хооллох ёстой бол түүнээс хойш нэмэлт хоолонд оруулж эхэлнэ. Харин хүмүүс нэг нас хүрсэн л бол хөхний сүү хэрэггүй гэж үздэг нь буруу юм.
-Шинэ ээжүүд хүүхдээ хөхөөрөө хэрхэн хооллох вэ?
-Дөнгөж төрсөн ээжээс эхний долоо хоногт ангир уураг ялгардаг. Энэ нь хөхний сүү шиг их хэмжээтэй ялгардаггүй хоног тутамд 40мл ялгардаг хүүхдэд хамгийн их шим тэжээл өгдөг чухал зүйл юм. Энэ үед ээжүүд хүүхдээ өлсөнө гэж айх хэрэггүй. Мөн төрсөн ээжээс хайрын гармон ялгардаг учраас хүүхдээ хайрлаж энхрийлэн хүүхэдтэйгээ харьцаж ойлголцвол хөхний сүү сайн гардаг.
-Хүүхэд хааяа хөхөө голоод хөхөхгүй байх тохиолдол гардаг. Энэ үед яах ёстой вэ?
-Хүүхдээ хөхүүлэхдээ уйгагүй суралцаж дадлагажих хэрэгтэй. Нэг удаадаа 20-30 минут хөхүүлэх хэрэгтэй. Хөхний сүү хангалттай бол угжнаас аль болох татгалзах хэрэгтэй.
Т.Номин-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ