ФОТО: Б.Хурц нарын шүүх хурал эхэллээ

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэллээ.

Өмнө нь шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ.
Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон.
Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-ын түр хороо өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Тус түр хорооны зүгээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгчээ. Гэвч шүүх бүрэлдэхүүний зүгээс түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзжээ.
Шүүх хуралд Б.Хурц, Б.Булган нарын хүмүүс оролцож байна. Мөн шүүхийн гадна иргэд С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг улстөржүүлэхгүй байхыг хүссэн уриа лоозон барин жагсчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ