Мүн Жэ Ин АНУ, БНАСАУ-ын ажлын хэлэлцээрийг шуурхай явуулахыг уриалав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар БНАСАУ болон АНУ-ын ажлын хэлэлцээрийг яаравчлан эхлүүлэхэд анхаарал хандуулахыг уриаллаа.
“Өмнөд болон Хойд Солонгос, АНУ хамтдаа АНУ, БНАСАУ-ын хоорондын ажлын хэлэлцээрийг шуурхай зарлан хуралдуулах тал дээр анхаарлаа хандуулах цаг нь ирсэн” гэж Мүн Жэ Ин Японы колончлолоос чөлөөлөгдсөний 74 жилийн ойд тохиолдуулан үг хэлэхдээ онцолжээ.
Түүнчлэн “Таагүй мөчүүд байгаа ч энэ нь хэлэлцээрийн замд хана болж, эсвэл хэлэлцээрийг хүндрүүлэх ёсгүй. Сэтгэл ханамжгүй асуудал байгаа бол асуудлуудыг хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэх ёстой” хэмээн Мүн Жэ Ин цохон тэмдэглэсэн байна.
Түүний өгүүлснээр БНАСАУ-ын “зарим түгшүүр дагуулсан үйлдлүүд”-ээс үл хамааран хэлэлцээр нь “Солонгосын хойг дахь энхийн явцад томоохон үр дүнд хүргэх ёстой” гэнэ.
“Хэдийгээр улс орны дотор болон хилийн чанадад сөргөлдөөнд түлхэх хүчин зүйл багагүй байгаа ч Хойд Солонгосын өдөөн хатгалга л гардаг байсан тэр үеэс Солонгосын хойгийн өнөөгийн байдал өөрчлөгдсөн” хэмээн Мүн Жэ Ин нэмж өгүүлсэн байна.
Эргэн сануулахад, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр хоёр Солонгосын хоорондын цэрэггүй бүсэд уулзан, цөмийн зэвсэггүй болгох ажлын харилцааг эхлүүлэхээр тохиролцсон юм. Гэвч АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт болон БНАСАУ –ын пуужингийн туршилтуудын улмаас хэлэлцээрүүд хойшлогдсоор байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ