Б.Жавхланбаяр: Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлгээ өгч дууссан


С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа. Одоогоор эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгүүдийг үзэж байна. Шүүх хурал маргааш дахин үргэлжлэх төлөвтэй байна. Ээдрээ төвөгтэй, олон оролцогч хавтаст хэрэгтэй учраас олон өдөр үргэлжилж байгаа юм. Танхимд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна" гэлээ.
Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Дөрвөн гэрч оролцсон бөгөөд тэд бүгд мэдүүлгээ өгч дууссан байна. Эд мөрийн баримтад зөвхөн бичлэг хураагдсан аж. Эдгээр бичлэгийг үзэж дууссаны дараа бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах юм байна. Үүний дараагаар шүүгдэгчийн 17 өмгөөлөгч, хохирогчийн дөрвөн өмгөөлөгч, хоёр улсын яллагч дүгнэлт хэлэх аж.
Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ