Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

Николас Мадуро болон барууныхны дэмжлэгтэй сөрөг хүчний тэргүүлэгч Хуан Гуайдо нар эдийн засгийн хямралын үед тэмцлээ үргэлжлүүлж байх зуур Венесуэлийн олон сая иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдэгдснийг “Америкийн дуу хоолой” дамжууллаа.
“Зургаагаас найман сая орчим хүн өлөн зэлмүүн нөхцөлд амьдарч байна” хэмээн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Сюзанна Рафалли мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр АНУ хориг тавихаас ч өмнө энэ байдал ажиглагдсан бөгөөд “энэ нь Венесуэль оршин суугчдынхаа хүнсний хангамжийн асуудал дээр баталгаа гаргаж өгч чадахгүй гэсэн үг” гэнэ. Үүнтэй ижил байр суурийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага илэрхийлсэн байна. Сүүлийн жилүүдэд Венесуэлд өлсгөлөн эрс өссөн гэж өнгөрсөн сард Жозе Грациано да Силва мэдэгдэж байлаа.
Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр 2016-2018 оны хооронд Венесуэлийн хүн амын 21,2 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай байсан бөгөөд Мадуро 2013 онд төрийн эрхэнд гарахад энэ үзүүлэлт 6,4 хувьтай байсан гэнэ.
Мөн энэ оны зургаадугаар сард гаргасан Хүүхдийн сангийн тайланд дурдснаар Венесуэльд 3,2 сая хүүхдэд тусламж нэн шаардлагатай байгаа аж.
Хүнсний хомсдол нь Вашингтоны дэгдээсэн эдийн засгийн дайнтай холбоотой гэж Мадуро үздэг. Харин АНУ болон Венесуэлийн сөрөг хүчин эдийн засгийн сүйрэл олон жилийн буруу удирдлагаас үүдэлтэй бөгөөд Америкийн хоригоос өмнө, 2017 оноос эхлэсэн гэж удаа дараа мэдэгдэж байв.
Одоо Венесуэлд олон сая хүн гагцхүү улсаас өгч буй хүнсний тусламжаар амьдарч байгаа гэнэ. Харин энэ тусламжийг гагцхүү засгийн газрыг дэмждэг хүмүүст олгож байгаа хэмээн сөрөг хүчин мэдэгдэж байлаа. Түүний зэрэгцээ сүүлийн үед хүнсний тусламж нийлүүлэх ажиллагаа тасалдаж, хүнсний чанар ч хангалтгүй болсон талаар хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд онцолжээ.
Улс оронд нь олныг хамарсан өлсгөлөн нүүрлэсэн гэдгийг Мадуро удаа дараа үгүйсгэж байсан ч сүүлийн жилүүдэд Венесуэлээс хүмүүс олноороо дүрвэх болсон нэг шалтгаан нь өлсгөлөн гэж хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Венесуэлээс 4 сая гаруй хүн бусад улс орон руу дүрвэсэн бол эх орондоо үлдсэн хүмүүсийн хувьд өлсгөлөн хурц асуудал болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ