Ажиглалтын камер хамгийн ихтэй 10 хотын 8 нь ХЯТАДЫНХ

Техник технологи хүний өдөр тутмын амьдралд нэвтэрч, аюулгүй байдлыг хангах болсны нэгэн энгийн жишээ нь ажиглалтын камер. Дэлхийн хотууд олон нийтийн аюулгүй байдал, эмх журмыг хангахын тулд ажиглалтын камер олноор суурилуулдаг бөгөөд 2020 он гэхэд манай гариг дээр 2 хүн тутамд 1 камер ноогдох хэмжээнд хүрнэ гэж шинжээчид үздэг юм.
Одогоор дэлхийн томоохон хотууд энэ тал дээр ихээхэн анхаардгийн дээр ажиглалтын камерын тоогоороо хамгийн их 10 хотын жагсаалтыг шинжээчид гаргасныг Comparitech дамжуулжээ.
Энэ жагсаалтаас харахад топ-10 хотын 8 нь БНХАУ-ын хот байгаа юм.
1. Чунцин, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 168,03
Энэ хотод 2,6 сая орчим камер ажиллаж байгаа бөгөөд 1000 хүнд 168,03 камер ноогддог аж. Өнөөдрийн байдлаар Хятаны нутаг дэвсгэр дээр нийтдээ 200 сая гаруй ажиглалтын камер суурилуулжээ.
Харин 2022 он гэхэд энэ тоо 213 хувиар өсч 626 саяд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
2. Шэньжэнь, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 159,09
Энэ хотод 1000 хүн тутамд 159,09 ажиглалтын камер ноогддог буюу 1 929 600 камер ажилладаг юм байна. Цаашлаад ирэх жилүүдэд 16 680 000 камер суурилуулахаар хотын захиргаа ажиллаж байгаа бөгөөд ингэснээр өнөөдрийн үзүүлэлттэй харьцуулахад 1 145 хувиар тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Хятад даяар камерын тоог 1 145 хувиар нэмэгдүүлвэл энэ улс дахь камерын тоо 2,29 тэрбумд хүрэх бөгөөд нэг хүнд хоёр камер ноогдох хэмжээнд хүрэх юм.
3. Шанхай, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 113,46
Шанхай бол Хятадын дөрвөн том хотын нэг, санхүү болон соёлын нийслэл, мөн дэлхийн томоохон далайн боомт хотод тооцогддог.
Энэ хот 1000 хүнд ноогдох камерынхаа тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.
4. Тяньжинь, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 92,87
БНХАУ-ын Тяньжинь хотын бүс хэмжээгээрээ Хятадад гуравдугаарт ордог. Харин 1000 хүнд ноогдох камерын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигджээ.
5. Жинань, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 73,83
Хятадын Шаньдун мужийн засгийн газар байрладаг Жинань хотод сүүлийн жилүүдэд өндөр технологийн салбарууд болох ахуйн техник, мэдээлэл болон биоинженерийн технологиудын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа юм.
6. Лондон, Их Британи
1000 хүнд ноогдох камерын тоо: 68,4
Энэ жагсаалтанд Хятадын биш хоёрхон хот орсны нэг нь Лондон хот. Энэ хотод 1000 хүн тутамд 68,4 камер ноогддог байна.
Лондон хот нь Их Британи болон Европын эдийн засаг, санхүүгийн чухал төв бөгөөд дэлхийн тэргүүлэгч санхүүгийн төв гэсэн статусын төлөө Нью-Йорктой өрсөлддөг томоохон хотуудын нэг юм.
7. Ухань, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 60,49
Ухань блд Хубэй мужийн төв бөгөөд Хятадын хамгийн хүн ам шигүү суурьшсан хот юм. Энэ хотод барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Хотын хамгийн өндөр барилга нь 68 давхар Minsheng Bank Building барилга бол Хятадын хамгийн өндөр таван барилгын нэг болох учиртай 125 давхар Ухань-Гринлэнд-Сентер барилга одоо баригдаж байгаа юм байна.
Ажиглалтын камерынхаа тоогоор Ухань хот дэлхийд долоодугаарт бичигджээ.
8. Гуанжоу, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 52,75
Гуандун мужийн нийслэл Гуанжоу хот Өмнөд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, тээврийн төвд тооцогддог.
Шанхай, Бээжингийн араас бичигддэг гурав дахь том хот болох Гуанжоугийн хүн ам нь 14 сая гаруй бөгөөд ажиглалтын камерын тоогоороо энэ жагсаалтын наймдугаарт бичигджээ.
9. Бээжин, БНХАУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 39,93
Хятадын нийслэл Бээжин хот бол томоохон төмөр зам болон автозамын зангилаа, мөн улсынхаа үндсэн агаарын зангилааны нэгд тооцогддог.
Хятадын эдийн засгийн гол төвүүд нь Шанхай, Хонгконг бол Бээжин хот улс төр, соёл, боловсролын төвд тооцогддог юм.
Түүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд бизнес үйл ажиллагааны зүтгүүрийн үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд инновацийн үйлдвэрлэлийг бүтээх талбар болон хувирч байна.
10. Атланта, АНУ
1000 хүнд ноогдох камерын тоо: 15,56
Энэ жагсаалтанд БНХАУ-аас өөр улсын хот багтсан хоёрхон тохиолдлын нэг нь Америкийн Атланта хот. Атланта хотын ажиглалтын камерын системийн ачаар гэмт хэргийн гаралт бага байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ