Шүүх танхимаас: Омогтой эрийн овилгогүй үйлдэл

“Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байхад эмэгтэй хүн чиний аясаар амьдарна гэж байхгүй шүү нөхөр минь” хэмээн шүүгч эмэгтэй яг л хүүгээ зэмлэх адил ширүүлнэ.

Ааг омог нь багтаж ядсан 23-хан настай залуу найз бүсгүйгээ хардаж, бусдын биед хөнгөн гэмтэл учруулжээ. Шалтгаан нь ээлжийн ажлаа тараад шөнийн 02.00 цагт гэртээ харихад эхнэр нь эзгүй байв. Удалгүй гэрийн гадна үл таних залуугаар хүргүүлж иржээ. Найз бүсгүй нь өөр эртэй байхыг харсан даруйдаа залуу уурсаж үг дуугүй өнөөх үл таних хүний нүүрэн тус газар нь өшиглөж, шүдийг нь булгартал зоджээ.
Чухам яагаад хүний биед гэмтэл учруулах болсон шалтгааныг шүүгч асуувал “Шөнө гэртээ иртэл эхнэр эзгүй байсан. Гудамж уруудаж хайгаад буцаад иртэл хашааны үүдэнд машин дотор нэг залуутай юм яриад сууж байсан. Хэсэг харж зогстол таксины жолооч биш таньдаг хүн нь бололтой дотно харагдсан. Тэгэхээр нь уурандаа очоод цохисон” хэмээн шүүгдэгч залуу хариулаад “Миний буруу. Буруугаа ойлгож байна” хэмээн гэмшил нэмэв.
Тэд жил гаруйн хугацаанд хамтран амьдарчээ. Албан ёсоор гэр бүлээ баталгаажуулаагүй, дундаас гарсан үр хүүхэдгүй аж. Дээрх хэргээс хойш одоо ч тэд хамтдаа амьдарч буй гэнэ.
Уурлахаасаа урьтаж саруулаар сэтгэж, цохихоосоо өмнө дахин нэг удаа гүнзгий амьсгаа аваад тайвшрах гэж оролдсон бол энэ залуу гэр бүлд “хар толбо” үлдээч үү. Хайртыгаа харамласан ганцхан цохилт нь хүний амь хөнөөчихсөн бол өнөөдөр хос хоёр хамт байгаач уу.
“Чи эрх чөлөөтэй байж болно. Гэхдээ хуулийн хүрээнд амьдарна шүү. Хар гэдэг чинь өвчин шүү. Үүнийгээ зас. Чи залуу хүн байна. Боловсор. Өмнө нь санамсаргүйгээр аваар хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулж байсан хэр нь хашрахгүй байна уу. Цохилтоос чинь болоод нас барчихсан бол яах юм. Юм бодогдож байна уу чамд” хэмээн шүүгч ухаардаг бол ухаартал хатуухан хэдэн үг хэлж шүүх хуралдааныг түр завсарлуулав.
Түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг нь хэлэлцэв.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид 550 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд хоёр сая төгрөг төлжээ. Мөн нэмээд шүүхийн шийдвэрээр 550 мянган төгрөгийн торгууль төлөх шийтгэл хүлээлээ.
Анзаараад байхад аль нэг гэмт хэрэг үйлдэж шүүхийн өмнө хүлцэнгүй зогсох эрчүүд боловсрол “нимгэн” байх нь цөөнгүй. Нээрэн шүүгчийн хэлснээр залуучууд сурч боловсорч, илүү сайн сайханд тэмүүлвэл мөн гоё оо.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ