МАН гишүүдийнхээ "амыг үдэх" үү
2019-08-30

 

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ Тусгай дэгээр явагдаж байгаа энэ хуулийн төсөлд гишүүд, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнийхэн зарим асуудалд нэгдсэн байр суурьт хүрч, ойлголцолд хүрэхгүй хагаралдсан хэвээр байгаа юм.

 

Өчигдөр цаг сунган хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төсөл дэх парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Хуулийн төсөлд нийтдээ зарчмын зөрүүтэй 150 гаруй санал байгаа бөгөөд өчигдрийн үдээс өмнө хуралдаанаар "Улс төрийн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэсэн ажлын хэсгээс гаргасан ганцхан санал дээр гишүүд асуулт тавьж, үг хэлснээр завсарлуулж, үдээс хойш үргэлжлүүлсэн юм.

 

Тиймээс Ж.Мөнхбат гишүүн "Зарчмын зөрүүтэй санал хураалт энэ янзаар үргэлжилбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг 70 орчим хоног үргэлжлэх нь. Гишүүд давхардсан санал хэлмээргүй байна" гэсэн горимын санал гаргаж, Х.Нямбаатар гишүүн "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд,  УИХ-ын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана хэмээн заасан байдаг. Хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн намууд, намуудын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөн, санал нэгдсэн асуудлуудаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явах нь зүйтэй" гэсэн саналыг гаргаж, дэмжигдсэн юм. 

 

Гишүүд  “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг гишүүдийн олонх дэмжинэ лээ. Мөн "Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” хэмээн өөрчлөн найруулах санал ч дэмжигдсэн бол гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан “Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.” гэсэн саналыг олонхи дэмжсэнгүй. 

 

Түүнчлэн нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл дэх “УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.”заалт олонхийн гишүүдийн олонхын дэмжлэгийг аваагү. Хэрвээ энэ заалт дэмжигдэн  Үндсэн хуульд тусгагдсан тохиолдолд парламентын дархлаа ч буурах нөхцөл бүрднэ гэж ажиглагчид үзэж байсан юм. Гэхдээ “Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах ажлын хэсгээс гаргасан санал, гишүүдийн олонхи дэмжлээ. 

 

Чуулганы хуралдаанд ирц бүрдүүлэх асуудал мөн л хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа. Учир нь зарим асуудалд ойлголцолд хүрээгүй гишүүд хуралдаанд оролцохгүй "гүрийж", УИХ-ын дарга нэр дурдан зарласаар байгаа юм. Өчигдрийн үдээс хойшхи хуралдаан гэхэд товлосон хугацаанаасаа  хоёр цагийн дараа эхэлсэн. Тэр байтугай эрх баригчид  гишүүдээ  "амаа  үдэх"-ийг бүлгийн хуралдаанаар үүрэгдсэн гэх яриа ч гарсан. Гишүүн О.Баасанхүү дээрх агуулгатай зүйлийг чуулганы танхимд хэлснийхээ төлөө УИХ-ын даргаас хуралдааныг санаатайгаар үймүүлсэн хэрэгт орж, зэмлэл хүртэн, танхимаас хөөгдөх дээрээ тулсан. Гэхдээ УИХ-ын гишүүн чуулганы танхим хэлсэн үгнийхээ төлөө  хөөгдөн гарах байтугай хуулийн хариуцлага ч хүлээдэггүй заалттайг спикер, гишүүн хоёр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Чуулганы танхимд тэр байтугай попордог гишүүдийг түмэн олон нэр цохон мэднэ. 

 

Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг маргаан, мэтгэлцээнтэйгаар үргэлжилж байна. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин