Ганц асуулт ба ГАЦАА

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар үргэлжилж байгаа. Гэхдээ 30 тэрбум төгрөгийн төсөв зардал бүхий Ард нийтийн санал асуулгыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшиллоо. Төсөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын дэмжиж байна уу, үгүй юу гэсэн явагдах Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулахаар товлосон байсан. Гэхдээ ганц асуулттай Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулж байхаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг явуулъя гэсэн сенсаацийг эрх баригч хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүх санаачилж, энэ долоо хоногийн улс төрийн сэдвийг өдөөв.
Нэр бүхий гишүүд УИХ-ыг тараах санал гаргаж, гишүүдээр гарын үсэг цуглуулж байгаа гэсэн хэдий ч УИХ-ын хэн хэн гэдэг гишүүн санаачилж, хичнээн гишүүн гарын үсэг зураад байгаа тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй. Харин УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулахыг МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсаныг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан баталж “УИХ-ыг тараах эсэх нь УИХ-ын гишүүдийн эрх мэдлийн хүрээнийх” гэдгийг хамтатгасан байдаг. Энэ парламентын үнэмлэхүй олонхийн суудалтай “64-ийн бүдүүн бүлэг” намын бодлого, удирдлагын зүгээс өгсөн үүргийн хүрээнд нэгдсэн шийдвэрт хүрнэ ёстой, уг нь. Гэхдээ парламентын гаднах МАН-ын дарга У.Хүрэлсүх хийгээд МАН-ын удирдлагын зүгээс өгсөн чиглэлийг үнэмлэхүй олонхи энэ удаад хүлээн авахаас татгалзсан нь илт. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг намын удирдлагын түвшинд хэлэлцэхэд ч эрс эсэргүүцсэн гишүүд М.Энхболдоос эхлээд байна лээ.
Арга ч үгүй биз, УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход хүндэтгэх шалтгаан, энэ парламентийг эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл, МАН төрийг удирдах чадваргүй, чадамжгүй улс төрийн хүчин гэх тодорхойлолт шаардлагатай. МАН хагаралтай, бутралтай, чадамжгүй байж болох ч Монголын төр чадамжаа алдаж болохгүй. Эс тэгвээс УИХ-ын дархлааг бууруулж, парламентат засаглалд харшилж, дараагийн засаглалыг санаархаад байгаа хэсэг бүлэг улстөрчдийг зорилгоо гүйцэтгэхэд хүч нэмэх нигууртай.
Нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулахад ирц хүрэхгүй байх талтай гэж улстөрчид төдийгүй ажиглагчид харж байгаа. Учир нь сонгуулийн жилд сонгогчдын ирц буурсаар ирсэн. Тиймээс УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтатган явуулах нь эрх баригч хүчинд ашигтай гэсэн шийдлийг намын дарга нь гаргасан сурагтай.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс энэ асуудалд нийтээрээ санал нэгдсэн бололтой. 2016 оны УИХ мажоратори системээр, 76 жижиг тойргоор явагдсан. Хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгох саналыг гаргасан, саналд нь гарын үсэг зурсан эрх баригч хүчний гишүүд сонгогчдод очоод юу хэлэх вэ. “Сонгогчдодоо юу гэж тайлбарлах юм. Ичиж үхэх юм байна” гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэлснээс биш бүгд л санал нэгдэж байгаа.
Харин УИХ дахь сөрөг хүчин АН-ын тухайд эрх баригчдыг “ЖДҮ-чин, “60 тэрбум”-д нэр холбогдсон, авлигатай, хариуцлагатай парламент тарах ёстой” гэж шүүмжлэх нь зүйн асуудал. Тэр байтугай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахгүй. Харин уг асуудлыг оруулаад хэлэлцүүлэх юм бол тэднийг дэмжээд явуулна” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль явуулахад ч хуулийн зөрчилтэй тулгарна. Сонгууль нэр дэвшин оролцох нь сонгуулийн насны хэн бүхэнд нээлттэй. Тиймээс ч УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн тов ҮХЦ дээр иргэний эрх ашиг зөрчигдсөн гэсэн үнэдслэлээр унаж байсан. Учир нь төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх заалттай. Тиймээс энэ удаад зарим улстөрчдийн зүгээс ч ҮХЦ-д гомдол гаргахыг үгүйсгэхгүй. Тэд улс төрийн шинэ хүчин байгуулж, эвсэж сонгууль оролцохоор бэлтгэж байхад гэнэтийн шийдвэр гаргаж, хүний, бусдын эрхэнд халдлаа гээд ҮХЦ иргэдийн өргөдөлд дарагдана.
Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх Ард нийтийн санал асуулгыг зардлыг танаж, сонгогчдын ирцийг бүрдүүлэх зохион байгуулалтыг сайжруулах нь төрийн үүрэг. Энэ удаагийн санал асуулгаар олон нийт төр сайн менежер эсэхийг харах юм. Сонгууль биш санал асуулга гэдгийг ч ард түмэн мэдэхтэйгээ. Тиймээс мэдээллээр олон нийтийг мэдээллээр ханган нь мөн л төрийн үүрэг. Санал асуулгыг далимдуулсан популизм хийж, гацааж болохгүй гэдэг дээр хагаралдсан эрх баригч бүлгийн гишүүдийн санал нэгдэж байгаа гэж найдна.
Тэгээд ч төр, засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын төлөө сонгогчид 2016 онд Монголын улс төрийн ууган хүчинд үнэмлэхүй олонхийн суудал өгснийг парламентын гаднах удирдагч, хурандаа У.Хүрэлсүхдээ МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид өглөө бүр сануулж, мессэж илгээж баймаар. МАН-ын их хурлын төлөөлөгчид ч хоёр жилийн өмнөх түүнийг төрийн эргэлт хийлгэх гэж намын даргаар сонгоогүй байх.
Төр түвшин, түмэн олон амгалан байг.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ