Bloomberg: “Монгол Трамп”

Блүмберг Бизнесвик агентлаг Монгол улсын Ерөнхийлөгчийг “монгол Трамп” гэж нэрлээд, түүнийг хэрхэн төрийн тэргүүн болсон талаар нийтлэл гаргажээ.
“Загалмайлсан эцэг” киноноос нэр зээлдэн “Женко” нэртэй өөрийн бизнес гүрэнг 90-ээд оноос эхлүүлсэн Халтмаагийн Баттулга улсынхаа хамгийн баян хүмүүсийн нэг болоод, Дональд Трамптай маш адилхан уриа дэвшүүлсэн 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн энэ нийтлэлийн эхэнд бичжээ. Тэр үеэс хойш Владимир Путинтай нөхөрлөж, Трампын хүүд морь бэлэглэсэн “Монгол Трамп”-ын талаар Блүмберг хэрхэн бичснийг товчлон хүргэж байна.
Баатар
Монгол улс нэгэнтээ ЗХУ-ын 16 дахь бүгд найрамдах улс байсан ч 90-ээд оны эсэргүүцлийн жагсаалын дараа энэ холбоо тасалдсан юм. Монгол улс шууд л зах зээлийн шинэчлэлт рүү орж, энэ нь хүн амын ихэнхэд хүнд тусав. Оросын олигархиудын адилаар Монголын өнөөгийн төрийн тэргүүн тэртээх жилүүдэд ирээдүйн бизнес гүрнийхээ суурийг тавьж чадсан цөөхөн хүмүүсийн нэг байлаа.
Хувьчлалын үеэр Женко “Баянгол” зочид буудлаас эхлээд “Мах импекс” мах боловсруулах үйлдвэр хүртэл улсын олон хөрөнгийг худалдан авсан юм. Тухайн үед Баттулга улсдаа анхных болох Сити такси нэртэй такси үйлчилгээ нэвтрүүлж, Саппоро дэлгүүр, зоогийн газар, шөнийн клубууд байгуулж, анхны лоторей зохион байгуулсан бол 2000-аад оны эхээр Женко тур бюро нэртэй аялал жуулчлалын агентлаг бизнес дээр нь нэмэгдэв. Хоёр жилийн өмнө Баттулгын хяналтанд байдаг компаниудын нийт өртөг 23 сая ам.доллараар үнэлгдэж байлаа.
Гэхдээ түүнд мөнгөний төлөө хийгээгүй нэг томоохон төсөл бий. Улаанбаатар хотоос холгүйхэн Баттулгын захиалгаар түүний шүтээн болох 40 метрийн өндөртэй, Чингис хааны морьт хөшөө 10 жилийн өмнө боссон юм. Улмаар энэ хөшөө дэлхийн хамгийн том морьт хөшөөнд тооцогдох болов. 2008 онд энэ төсөлд зориулж Монголын бизнесмен 4.1 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Улс төрд орсон нь
2004 онд Баттулга парламентын гишүүнээр сонгогдов. Жилийн дараа зам тээврийн сайдаар томилогдсон бол дахин дөрвөн жилийн дараа аж үйдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдлоо. Баттулгын үед Монголд Англи-Австралийн уул уурхайн гигант Рио Тинто орж ирсэн бөгөөд энэ компани энэ улсын түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчид тооцогдож байгаа юм. Уул уурхайн оргил үе эхэлснээр энэ улсын ДНБ 2011 онд 11 хувиар өссөн.
Гэвч Монголын эдийн засаг эхэлсэн шигээ эрчтэйгээр унаж эхлэв. 2014 онд түүхий эдийн үнэ, төгрөгийн ханш унаж, цалин буурч, хүн амын орлогын түвшин эрс буурав. Засгийн газар дэд бүтцийн бүхий л төслүүдээ зогсоож, ОУВС-аас мөнгө зээлэхээс аргагүй болов. Хүмүүс гудамжинд гарч жагсан, ард иргэд ядуу амьдарч байгаад авлигад идэгдсэн улс төрчид, баячууд, гадаадын хөрөнгө оруулагчдыг буруутгаж байлаа.
Тухайн үед улсынхаа хамгийн баян хүмүүсийн нэг, нэртэй улс төрч, авлигын хэргээр буруутгагдаж \ түүнийг томоохон нүүрсний уурхай болох Таван толгой руу хүрэх төмөр зам байгуулах хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэмээн буруутгаж байсан юм\байсан Баттулга ч эсэргүүцэгчидтэй нэгэн эгнээд зогсож байв.
“Манай баялаг гадагш гарч байна” хэмээн эсэргүүцлийн үеэр Баттулга мэдэгдэн, шуугиан тарив. Олон нийт үүнийг нь тун таатайгаар хүлээн авсан бөгөөд бизнесмен Дональд Трамптай адилаар ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилдаа байж болох бүхий л популист уриануудыг ашигласан юм. Ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцэж байхдаа Баттулга офшор данстай эсвэл авлигын холбоо сүлжээ нь илэрсэн төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь халах, түүнчлэн уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалт оруулахыг хязгаарлахыг уриалж байв.
Энэ нь арга нь ч үр дүнгээ өгөв, 2017 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Баттулга Монгол улсын Ерөнхийлөгч боллоо. Албан тушаалдаа орсон даруйдаа Монголын бизнес эрхлэгчид, улс төрчдөд хандан офшор данснаас 49 хоногийн дотор мөнгөө эргүүлэн татахын уриалав. Гэхдээ энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Путины найз
Хятадын компаниуд Оросынхоос илүү Монголд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан ерээд оны сүүлээс хойш олон зүйл өөрчлөгдөв. Төрийн эрхэнд хоёр жил байх хугацаандаа Баттулга Владимир Путинтай хэдэнтээ уулзсаны дээр нөхөрлөж ч амжив. Есдүгээр сарын эхээр Путин Улаанбаатарт Халхын голын ялалтын ойд оролцохоор ирсэн бөгөөд үүний хариуд Ялалтын 75 жилийн ойд Монголын төлөөлөгчдийг урьсан юм. Үүний зэрэгцээ Орос, Монгол улс хамтран хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хамтын сан байгуулахаар тохиролцов.
“Бид Оросоос цахилгаан эрчим хүч болон газрын тосноос бараг бүрэн хамааралтай, тиймээс манай хоёр орон нягт хамтран ажиллах ёстой” гэж Баттулга олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ тайлбарладаг. Владимир Путинтай тэрбээр хувийн найрсаг харилцаа ч тогтоож амжжээ.
Оросын Ерөнхийлөгчийн адилаар мөн л энгийн нэгэн гэр бүлд өссөн гэж тэр ярьдаг. Мөн байлдааны урлагаар хичээллэдэг байсан нь тэр хоёрт байх өөр нэг ижил зүйл. Өөрийгөө хамгаалж сурахын тулд Баттулга эртнээс самбогоор хичээллэж эхлэсэн бөгөөд улмаар жудогийн холбооны ерөнхийлөгч болжээ. 2017 онд Ерөнхий сайд Шинзо Абэ жудогийн хар бүстэй Орос, Монголын төрийн тэргүүнүүдийг Японд үзүүлэх барилдаан зохион байгуулахын тулд урих санал ч гаргаж байв.
Монгол улс Оростой харилцаагаа бэхжүүлж байгаа нь Баруунд, тэр дундаа өмнө нь Монголын тэргүүнүүд нягт харилцаатай байсан АНУ ихээхэн болгоомжлонгуй ханддаг юм. Зургаадугаар сарын сүүлээр Монгол улсад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон айлчилсан бол түүний дараа Батлан хамгаалахын сайд Марк Эспер албан ёсны айлчлал хийсэн юм. Дональд Трамп ч Монголын тэргүүнийг өргөөндөө урьсан бөгөөд талархлын илэрхийлэл болгон Баттулга Америкийн ерөнхийлөгчийн хүүд морь бэлэглэж байв.
Америкийн тэргүүн, Баттулга хоёрт ч ижил зүйл олон. Тэрбээр мөн л Трампын адилаар, бизнес карьер нь төрийн институц хэрхэн ажилладгийг “дотроос” нь мэдэхэд дөхөм болсон гэж ярьдаг.
Дуулиан
Ерөнхийлөгч болсныхоо дараа Баттулга өөрийнх нь өмнө ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан, Харвардын боловсролтой Ц.Элбэгдоржийн эсрэг мөрдөн шалгалт хийхийг Ерөнхий прокурорд олны өмнө даалгав. Баттулга Элбэгдоржийг томоохон нүүрсний орд газрыг зарахаар оролдож, барууны хөрөнгө оруулагчидтай ашиггүй хэлэлцээр хийж, авлига авсан хэмээн буруутгаж байлаа. Гэвч Ерөнхий прокурор “үгэнд орсонгүй”, мөрдөн байцаалт эхлүүлхийн тулд хуульзүйн үндэслэл хэрэгтэйг дуулгасан бөгөөд үүнийг өнөөгийн ерөнхийлөгч гаргаж өгөх боломжгүй байв.
Ингээд Баттулга албан тушаалтнууд болон хүчнийхнийг нэг өдөр халах боломжийг Үндэсний аюулгүйн зөвлөлд олгох хуулийн төсөлд яаравчлан гарын үсэг зурлаа. Дараагийн өдөр нь ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг халж, цаашлаад өмнө нь түүний төмөр замын мөнгө идсэн хэргийг шалгаж байсан Авилгатай тэмцэх газрын “томчууд”-ыг бүгдийг нь халав.
Монгол улс аажмаар авторитар удирдлагад шилжиж байгааг энэ улсын хүн ам одоогоор өршөөж байх шиг, эдийн засгийн хувьд амьдрал нь арай сайжирсан, гадаадад боловсрол эзэмшсэн Монгол залуу эх орондоо эргэн ирэх нь олширсон бөгөөд харин өчигдрийн хувьсгалчид өнөөдрийн үг хэлэх эрх чөлөөний нөхцөл байдалд гомдоллохгүй л байна. Өмнө нь энэ улсын хамгийн алдартай сөрөг хүчний улс төрчдийн нэг байсан хүн өнөөдөр парламентад сууж, улс төрийн нам тэргүүлж байгаа бол нөгөө нь авторитар төв байгуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ