С.Эрдэнэ: Эрүүдэн шүүлтийг хуульзүйн сайд гааруулсан
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амь насаа алдаад 21 жил өнгөрч байна. Түүний дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө. Арга хэмжээнд С.Зориг агсны гэр бүл, АН-ын дарга С.Эрдэнэ, ШИНЭ-ын удирдлага Ж.Батзандан, Л.Болд болон иргэдийн төлөөлөл оролцов. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар зарим хүний байр суурийг сонирхлоо.

С.Зориг агсны ах С.Баяр: Энэ аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Манай гэр бүлийн зүгээс төр засагт хандаж, хурдан шийдвэрлэх талаас нь олон удаа хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдөр болтол энэ хэрэг бүрэн шийдэгдсэнгүй. Энэ хэргийн захиалагч, зохион байгуулсан эзэд олдохоос нааш бидний санаа амрахгүй, гомдол тайлагдахгүй.

АН-ын дарга С.Эрдэнэ: Ардчилсан намаас Ерөнхийлөгчид хандаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэр, мөрдөн байцаалтын бүх материалыг ард түмэнд нээлттэй болгож, нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхгүй бол нууц нэрийн дор улс төрийн тоглолт хийгээд 21 жил боллоо. Одоо дуусгах цаг нь болсон.

Улс төрийн зорилготой бол захиалагч нь хэн бэ гээд зарла гэхээр зарлахгүй байна. Монголын хуульзүйн салбарыг 22 жил толгойлсон хүн өнөөдөр эрүүдэн шүүлт гээд яриад явж байна. Эрүүдэн шүүлт хэн, хаана хийсэн юм бэ. Хорих байгууллага чинь хуульзүйн яамны шууд мэдэлд байдаг байгууллага. Үүнийг яагаад хуульзүйн сайд мэдээгүй байгаа юм. Захиалагчийг зарлах болохоор бүхнийг үймүүлдэг. 22 жил хуульзүйн салбарыг толгойлсон хүн өнөөдрийг хүртэл энэ хэргийг илрүүлээгүй байж өөрөө шударга дүрд тоглоод, эрүүдэн шүүлт гаарсан мэтээр ярьж байна. Эрүүдэн шүүлтийг хуульзүйн сайд гааруулсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 1998 оны 10 дугаар сарын 02 бол Монголын ард түмний хувьд түүхэн хар өдөр байсан. Эх оронч, үндэсний үзэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амь насыг хэсэг бүлэг этгээд гэрт нь хороосон. 10 дугаар сарын 02 зөвхөн С.Зоригийг хороосон өдөр биш. Үндэсний үзэлтэн Төмөр-Очир гуайн амь насыг хороосон. Монголын хоёр том эх орончийг 10 дугаар сарын 02-нд зохион байгуулалттайгаар амь насыг нь хороосон.
Үндэсний эрх ашиг бусад бүх эрх ашгаас эрэмбэ дарааллын хувьд хамгийн дээр байх ёстой гэж 20 гаруйхан настай байхдаа С.Зориг агсан бидэнд хэлсэн. С.Зориг агсан амь насаа алдсанаас хойш Монголын ардчилал буруу замаар будаа тээж эхэлсэн. Баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, хэдхэн гэр бүл баян болж, монголын ард түмэн ядуурлын зам руу орсон.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр илрүүлэх, алуурчид захиалагч нарт хариуцлага тооцохыг Монголын төрд ажиллаж байгаа нөхөд хүсэхгүй байгааг олон түмэн харж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчид, захиалагчид илэрнэ гэдэгт би итгэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Монголын ард түмэн ардчиллаа хамгаалахын төлөө энэ өдөр С.Зоригийнхоо дурсгалыг хүндэтгэж байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн энэ аймшигтай хэрэг улам бүрхэг болж байгаа. Гэм зэмгүй хоёр залууд ял тулгаад шоронд хийсэн байгаа. Тэднийг эрүүдэн шүүсэн аймшигтай хэрэ илэрсэн. Энэ бол ардчилсан Монголд байж болохгүй хэрэг. Энэ зүгээр нэг эрүүдэн шүүсэн хэрэг биш. С.Зоригийн хэргийг булзааруулсан, нуун дарагдуулсан, хэргийн жинхэнэ эздийг илрэх боломжийг хаасан үйлдэл гэж бид харж байгаа.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ