Угаартсан иргэдийн хэрэглэсэн шахмал түлшнээс "хор" илрээгүй


Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэд угаарын хийнд хордож дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор таван хүн Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлш худалдан авсан цэг, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэр гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгчээ.Шинжилгээний хоёр хариу өчигдөр гарсан бол өнөөдөр 1 хариу гарсан тул хариуг нэгтгэн албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Энэ сарын 5-6-нд шилжих шөнө шуурхай ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсэг 23 цэгээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Мөн түлшний барьцалдуулагч бодисыг гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Гурван газрын дүгнэлт гарсан" гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авч шинжилгээ хийлгэлээ. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Чингэлтэй дүүргээс 5, Баянзүрх дүүргээс 1, Сонгинохайрхан дүүргээс 2, Хан-Уул дүүргээс нэг дээж авч шинжлүүлсэн. Эдгээр 19 айлаас авсан дээжийг шинжлүүлэхэд стандартын хэмжээ, шаардлага хангасан гарсан. Тухайлбал түлшний үнслэг нь 29 буюу түүнээс бага байх байвал стандарт гэж үздэг. Үүнээс 23-24 хувийн үзүүлэлттэй гарсан. Мөн хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой. Шинжлүүлсэн түлшний хүхэр 0.95-аас 1.004 гарсан. Илчлэг нь 4200 байх ёстой байхад 6200-аас дээш гарсан. Түүнчлэн "Таван толгойн түлш" ХК-ийн хоёр үйлдвэрийн нунтгаас дээж авж шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан" гэв.

Өчигдөр дахин шахмал түлшинд угаартсан гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай өрхийн 11-14 настай хүүхдүүд хордож эмнэлгийн байгууллагад хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Тухайн хүүхдүүдийн эцэг эхээс асуумж авахад "Тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах борлуулалтын цэгээс нүүрсээ авсан. Галаа түлээд унтахдаа зуухны хүхээгээ хааж унтсан" гэжээ. Харин тухайн айлын хажуугийн айл нь мөн адил нэг цэгээс түлш худалдан авсан ч зөв галласан тул хордлогод өртөөгүй аж.
Иймд иргэд зуухны зөв ашиглалтад анхаарах шаардлагатай байгааг албаныхан хэллээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ