НИТХ-ын төлөөлөгчид сая л дуугарлаа

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн 2019 оны 02 дугаар сарын 15-нд дүгнэлтээр сайжруулсан түлш хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй нь тогтоогджээ.
Сайжруулсан түлшнээс үүдэлтэй гэх угаараас үүдэн таван хүн амь насаа алдаж, нэлээдгүй хүн хордлого аваад буй. Энэ сарын 5-наас эхлэн үүссэн энэ асуудлаар нийслэлийн иргэдээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид нэг ч дуугараагүй байсан. Харин өнөөдөр (2019.10.08) НИТХ-ын зарим төлөөлөгч мэдээлэл хийлээ. Тэд сайжруулсан түлшний асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналаа НИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлж буйгаа мэдээлэв. Төлөөлөгчид нам эвсэл гэхгүйгээр нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө нэгдэж байгаагаа хэллээ.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулга: Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүгнэлт сайжруулсан түлш хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй гэж гарсан байна. Энэ бол улстөржих асуудал биш. Тиймээс бид үнэн бодит мэдээллийг олж тогтоохоор энэ асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар санал өргөн барьж байна.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун: Энэ улс төрийн акц биш. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Төлөөлөгчид мэдээлэлгүй байна, нийслэл, төрийн удирдлагууд өөр өөр мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн сонсгол яаралтай зохион байгуулж, нэг мэдээлэлтэй болох шаардлагатай байна.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: Нийслэлд нэн тулгамдаж байгаа асуудлаар НИТХ-ын төлөөлөгчид нэгдэж байна. Албан тушаалтнуудын хэлж байгаа мэдээлэл зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж иргэд зовниж байна. Тиймээс нийтийн сонсгол хийх санал гаргаж байна. Сайжруулсан түлшний шаталт дутуу байна гэсэн мэдээллийг шийдвэр гаргагчид байнга нуудаг байсан. Одоог хүртэл геологийн төв лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Хохирч байгаа хүмүүс буруугүй. Ажил хариуцаж байгаа хүмүүс буруутай. Буруутан бол бултаж болохгүй.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ