БНХАУ-аас импортлох 1200 цахилгаан автобус хэний шахаа вэ

"City public transport corporation" гэх компани БНХАУ-аас 1200 цахилгаан автобус оруулж ирэхээр төсөл боловсруулж, БОАЖЯ-ны дэмжлэгийг авчээ. Тус компани нэг нь 711.1 сая төгрөгийн үнэ бүхий нийтдээ 854 тэрбум төгрөгийн өртөгтэй 1200 цахилгаан автобус оруулж ирэх аж. Энэ худалдан авалтыг эсэргүүцэж, өнөөдөр (2019.10.14) Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Засгийн газраас 2019 оны Эх оронч худалдан авалтын жил болгон зарласан. Гэтэл монгол инженерүүдийн эх орондоо угсарсан цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч чадахгүй, бүтэн жил гаражиндаа моралын элэгдэлд орон “хэвтэж” байгааг тус зөвлөлийнхөн хэлж байна.
Монгол инженерүүдийн угсарсан автобус 510 сая төгрөгийн өртөгтэй аж. Гэтэл үүнээс 200-аад сая төгрөгөөр илүү үнэтэй автобусыг БНХАУ-аас оруулж ирэх нь хэний эрх ашиг вэ? Эх орны үйлдвэрлэлээс татгалзаж, урд хөршөөс автобус импортолвол дундаас нь 240 тэрбум төгрөгийн ашиг унах тооцоог ч Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хийсэн байна.
"City public transport corporation" компани автобусуудыг концессоор оруулж ирэхээр ярьж буй аж. Гэтэл энэ концесс нь төсөвт дарамт болох өр нэмэгдэнэ гэдгийг "Монгол машин индустриал" ХХК-ийн инженер М.Гэрэлчулуун хэллээ
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ