Хулгайлагдсан хөрөнгө байрших газаргүй, хулгайч гишгэх газаргүй болно


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” техникийн төслийн нээлт өнөөдөр (2019.10.18) боллоо. Тус арга хэмжээнд АТГ, прокурор, шүүхийн байгууллагууд оролцож, Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээлийн талаар танилцууллаа.
“Транспаренси Интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын индексээр Монгол Улс 108 орноос 103-д орж байгаа. Энэ үзүүлэлт 2016 оноос улам бүр буурч байгааг та бүхэн харж байгаа. Азийн сангийн судалгаагаар авлига Монгол Улсын хамгийн ноцтой асуудал болсон нь харагдаж байгаа. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 75 хувь нь Монгол Улсад авлига баттай тогтсон гэдгийг хэлсэн байдаг. Энэ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, тэлэх шаардлагатай. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас хууль сахиулах байгууллагуудын авлигатай тэмцэх бүтэц, хуульзүйн орчин, арга барил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн” гэдгийг Азийн хөгжлийн банкны дэд суурин төлөөлөгч Деклан Мааги хэллээ.
Ч.Жаргалбаатар: Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, улс төрд нөлөөтэй хүмүүсийн үйлдэл урхагтай, хохирол нь өндөр
Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийн талаар АТГ-ыг Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “...Монгол Улс судалгаанд хамрагдсан цагаас хойш авлигын индекс өсөлтгүй, нэг л байрандаа эргэлддэг. Итгэлцүүр нэг оноогоор урагшаа байр ахивал манай улстөрчид бид авлигатай тэмцэж чадсан гэсэн дүр төрхийг илэрхийлдэг ч бодит байдал дээр дүр эсгэдэг. Авлигатай тэмцэх хүсэл сонирхол нь хумигдмал, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар ажилладаггүй.
АТГ-ын статистик мэдээгээр 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны эхний 09 сарын байдлаар 105 хэрэг шүүхэд шилжүүлж, 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Эндээс харвал хэрэг шалгагдаж, тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж байна. Гэхдээ бидний цэвэрлэсэн албан тушаалд улстөрчдийн хүсэл сонирхлоор томилгоо хийгддэг учраас авлига арилдаггүй.
Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг. 2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.
Биднийг эрүүгийн хэрэгтэй зууралдаж байх цаг хугацаанд улстөрчид хичнээн ч удаа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулав, худалдан авах ажиллагааны хуулийг яаж замхруулав. Нэмэлт өөрчлөлт орууллаа гээд хэрэгжилтийг нь нэг жилээр ухрааж чаддаг нийгэмд бид амьдарч байна.
Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлж байгаа албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт үнэхээр учир дутагдалтай байна. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, улс төрд нөлөөтэй хүмүүсийн үйлдэл урхагтай, хохирол нь өндөр. Тэдний эсрэг шударга байдлыг тогтоон гэсэн албан тушаалтанд өс хонзон санадаг, албан үүрэгт нь хууль бусаар нөлөөлдөг нөхцөл байдал Монголд байсаар байна.
Цагийн аясаар тун удахгүй хулгайлагдсан хөрөнгө байрших газаргүй, хулгай хийсэн этгээд гишгэх газаргүй болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Прокурор Ц.Насанбат: Авлигын гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
2019 оны III улирлын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан 493 хэрэгт прокурор хяналт тавьсан. Үүний 33 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийн эцэслэн шийдвэрлэлт 56.3 хувьтай байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 22.8 хувиар нэмэгдсэн. Авлигын гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Авлигын хэргийг шийдвэрлэхэд тулгардаг гурван хүндрэл:
-
Хүн хүч, арга хэрэгсэл, техникийн хомсдол хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг.
-
Хамтын ажиллагааны хүндрэлтэй байдал хэрэг шийдвэрлэхэд сөрөг нөлөөтэй байдаг. Авлигын болон эдийн засгийн гэмт хэрэг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлддэггүй. Гадаадын улс орнууд дамжиж үйлдэгдэх, мөнгө угаах, хөрөнгө шилжүүлэх үйлдэл түгээмэл тохиолддог. Энэ хөрөнгийг буцааж авчрахад эрхзүйн тогтолцооны зөрүүтэй байдал таагүй нөлөөтэй.
-
Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил туйлын хангалтгүй байдаг. Авлигын гэмт хэрэг шалтгаан нь тухайн албан хаагчийн ухамсар, хууль дээдлэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай хамааралтай ч тэр албан тушаалд очихын тулд улс төрийн ямар замаар очсон гэдэгт үнэлэлт өгөх ёстой. Энэ нь улс төрийн намын санхүүжилттэй холбогдоно. Авлигын гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныхаа талаар өгсөн мэдүүлэгтээ улс төрийн намд хандив өгсөн гэдгээ хэлсэн байдаг. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилт нь гэмт хэргийн шалтгааныг тодруулахад зайлшгүй судлах ёстой зүйлсийн нэг.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ