Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн Л.Болдод хариуцлага тооцохыг шаардлаа

ХҮН-аас өнөөдөр (2019.10.21) мэдээлэл хийв. Этиоп, Ганна, Тунис, Сири, Пакистан, Бахамын арлууд, ШриЛанка зэрэг орнууд “саарал жагсаал”-д байна. Үүн дээр Монгол Улс нэмэгдлээ. Дэлхийн 200 үндэстний сүүлийн 10-20 байрт жагсаж байгаа засаглал нь ил тод биш, эдийн засаг нь авлигатай, дотооддоо дайн самуунтай улсуудын ангилалд Монгол Улс орлоо гэдгийг ХҮН-ын ЕНБД Т.Доржханд хэлж байна. ХҮН-ын үзэж байгаагаар,

“Саарал жагсаалт”-д орсноор:
-
Гадаадын банкууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа хязгаарлалтад орно. Шууд үйлчилгээ явуулах банкууд байхгүй. Зөвхөн дамжуулж үйлчлэх хоёр хөршийн банкууд үлдэнэ.
-
Гадагшаа, дотогшоо санхүүгийн гүйлгээ хийхэд хугацаа удааширч, шимтгэл өснө. 100 долларын шилжүүлэг хийхэд 5 ам.доллар төлдөг байсан бол одоо шимтгэлд 10 доллар төлөх нь.
-
Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна. Энэ Монгол хүн бүрт мэдрэгдэнэ.
-
Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурна.
-
Төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлнө. Энэ нь импортын барааны үнийг өсгөнө. Үр дүнд нь монгол хүний худалдан авах чадвар буурна.
“Саарал жагсаалт”-д орсон бодит гурван үндэслэл:
-
Авлига, албан тушаалын том хэргүүд шүүх прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болсон. ЖДҮ, 60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувь, хулгай зэрэг хэргүүд шийдэгдээгүй.
-
Монгол Улсын эдийн засгаас илүү, 34 их наяд төгрөгийн хэмжээний хууль бус мөнгийг хуулийн болгож өршөөсөн. Дэлхийн улсад байхгүй энэ зүйлийг улстөрчид хийсэн.
-
БНАСУ-тай харилцаа үүсгэсэн. Тухайн үед БХ-ын сайд байсан Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага зарласан ч хариуцлага тооцоогүй. Нөгөөтэйгүүр Хойд Солонгосоос их хэмжээний ажиллах хүчийг Монгол Улсад оруулсан. Тэр хүмүүсийн орлогын тодорхой хувь нь цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулагдсан гэж олон улсын байгууллагууд үзсэн.
Энэ бүхний үр дүнд Монгол Улсын 3.2 сая иргэн хохирно. Тиймээс ХҮН-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагад ЖДҮ-ийн хулгай, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 60 тэрбумын хэрэг, Засгийн газрын бонд, концесс, “Эрдэнэт”-ийн хулгай зэрэг том хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардаж буйг дурджээ.
Мөн арилжааны банкуудад хяналт тавьж чадаагүй Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна. Үүнээс гадна том хэргүүдийг замхруулах нөхцөлийг бий болгосон Ц.Нямдоржид хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардлаа.
Эцэст нь Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн БХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болдод хариуцлага тооцохыг УИХ-ын дарга, ёсзүйн хорооноос шаардаж буйгаа мэдээлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ