АН-ын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудлаа

АН-ын Шинэчлэл хөдөлгөөнөөс өнөөдөр (2019.10.23) мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Намын толгойд гарсан олигархи нарыг замаас зайлж, зай тавьж өгөхийг шаардсан. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “үгэнд ор, үгүй бол намаасаа хөөгд” гэж тулгадаг. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн намаасаа хөөгдсөн. Тиймээс С.Эрдэнийг огцор гэсэн шаардлагыг тавьж байгаа. Биднийг өнгөрсөн зургаадугаар сард цагдаад өгч, дарамтлуулж байсан. Өчигдөр бас цагдаагаас дуудлаа. Хэвлэлд ярилцлага өгч, бодит байдлыг хэлснийг нэр төрд халдсан гэж үзсэн байна.

С.Эрдэнэ Хандгайтын амыг бүхэлд нь авсан нь үнэн биз дээ. Энэ чинь авлига, дээрмийн гэмт хэрэг мөн биз дээ. Хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг дээрэмдээд авсан. Энэ чинь хулгай биш юм уу. Хүүхдийн паркийн газрын нэг хэсгийг аваад Шонхор тауэр гэгчийг барьсан. АН-ын байр гэж худлаа яриад, энэ бүхэн чинь хулгай. Энэ бүхнийг бид цагдаад өгч шалгуулахаас илүү улс төрийн дүгнэлт хийсэн.
АН-ын бланкан дээр гишүүдээ цагдаад өгдөг намын даргатай байна. Манай намынхан ийм увайгүй, мунхаг даргаа огцруулаад явуулах хэрэгтэй. Бодлогогүй, ойрын зайны улс төр хийдэг улстөрчөөр намаа удирдуулаад АН-д хэрэгтэй зүйл болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж, АН-ын дарга С.Эрдэнийг намын даргын суудлыг тавьж өгөхийг шаардлаа.
Мөн тус хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнийг 10 дугаар сарын 30-нд халз мэтгэлцээнд дуудлаа. Мэтгэлцээнийг АН шинэчлэгдсэн үү, С.Эрдэнэ цагдаад шалгагдах ёстой юу зэрэг сэдвийн хүрээнд өрнүүлэх гэнэ.
Б.Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ