Африкийн орнууд атомын салбарт Оростой хамтрах сонирхолтой байна

img

 

Орос, Африк тивийн анхны дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Оросын Сочи хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр Орос улс Африкийн 20 тэрбум ам.долларын өрийг тэглэжээ. Ийм алхам хийсний учир юу байв. 

 

Африкийн өрийг цайруулах болсон талаар Владимир Путин Сочи хотноо болсон “Орос-Африк” дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ. 


“Манай улс Африк тивийн өрийн дарамтыг хөнгөвчлөх санаачилгад оролцдог. Одоогийн байдлаар нийт цайруулсан өр  20 тэрбум ам долларыг давж байна” хэмээн Путин мэдэгдсэн байна. 


Түүнчлэн, хэд хэдэн оронтой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн, энэ хүрээнд “эдийн засгийн өсөлтийн үндэсний төслүүдийг санхүүжүүлэх”-д өрийг зарцуулна хэмээн нэмж өгүүлжээ. 


Ядуу буурай орнуудын /африкийн/ 20 тэрбум ам.долларын өрийг цайруулах тухай Путин анх 2017 онд Гвинейн Ерөнхийлөгч Альфа Кондетэй уулзах үеэрээ мэдэгдэж байжээ. 


Энэ хэмжээний өр нь “ихээхэн урт хугацаанд хуримтлагдсан” өр бөгөөд өрийг тэр бүр бүхэлд нь цайруулдаггүй хэмээн  шинжээчид өгүүлж байна. 


Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Альберт Хаматшин Риа новости агентлагд өгсөн тайлбартаа: 


“Зарим тохиолдолд өрийг бүхэлд нь харин заримдаа хэсэгчлэн цайруулж, 20 хувийг хөгжлийн солилцоонд зарцуулдаг. Жишээлэхэд өрийг цайруулж буй орны компаниуд хөгжлийн төсөл, нийлүүлэгчээр оролцдог. Мозамбик эсвэл Этиопын өрийг цайруулна. Харин энэ өрийн зарим хэсэгт африкчууд КамАЗ худалдан авах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. 


Түүнчлэн өр цайруулж байгааг олон улсын хэмжээний нөлөөллийн арга гэж харж болох гэнэ. 


“Ямар ч найдваргүй өрийг Орос цайруулж, зээлдэгч орны зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд тодорхой алхмуудыг хийж байгаа бол мэдээж эцсийн дүндээ Оросын нэр хүндэд нөлөөлж, өрөө цайруулж байгаа орнуудын зүгээс тааламжтай хандах хандлагыг төрүүлнэ” хэмээн Альберт Хаматшин өгүүлжээ. 


Түүнчлэн ийнхүү өр цайруулж, үнэ хүндээ өсгөснөөр Африк тивд бизнес эрхлэх сонирхолтой Оросын компаниудыг энэ тив рүү оруулах боломж хангагдаж байгаа аж. 


Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн гол ажлууд 


Уулзалтын үеэр Судан улс Оростой цэрэг-иехникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Одоо Суданы зэвсэгт хүчний зэвсэглэлийн 60 хувь нь Зөвлөлт, Оросын үйлдвэрийнх байдаг гэнэ. Цаашдаа ч Оросоос зэвсэг хүлээн авсан хэвээр байна гэж найдаж байгаагаа Судан илэрхийлжээ. 


Түүнчлэн Африкийн орнуудын бүхий л тэргүүнүүд Путинтэй уулзахдаа энх тайвны зорилгоор атом ашиглах салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэдгээрийн дундаас Этиоп улс төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулсан бөгөөд 10 жилийн хугацаанд бага оврын Атомын цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Сьерра-Леоне улс Оростой эрчим хүчний салбар, байгалийн шингэрүүлсэн хий, дизель түлш, мазут нийлүүлэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 


Харин Ангол улс Оросын өмнө үүцээ задлаж, улс орондоо олборлодог очир эрдэнийн үнэ цэнийг Оросын тусламжтайгаар нэмэгдүүлэхийг хүссэн бол Жибути тээврийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн ч тодорхой төлөвлөгөө танилцуулаагүй аж. 

 

Владимир Путин: Африктай хамтран ажиллахын төлөөх өрсөлдөөнд Орос бэлэн

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ