Ө.Энхтүвшин: Карт сугалсныхаа төлөө уучлалт гуйя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслөөр "Хил дамнасан чөлөөт бүс гэж хил залгаа, улсын хилийн боомтын газар нутагт, Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндсэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ. Уг чөлөөт бүсэд хил дамнасан чөлөөт бүс байгуулж болно. Чөлөөт бүсэд баримтлах бодлогыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна" гэж заасан байна. Замын Үүд-Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар хуульд өөрчлөлт оруулж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-30 хоногийн дотор хоёр талаас Чөлөөт бүсэд байна. Тоон нь хязгааргүй. 30 хоног хэтэрвэл хариуцлага тооцно гэсэн заалттай юм билээ. Замын-Үүдийн төрийн албан хаагч нарын ихэнх хүүхдүүдээ Эрээнд сургадаг. Эрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Хальтхан хэлэхэд уусах магадлалтай. "Хятад иргэдийн асуудал дээр анхаарал тавьж чадахгүй. Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн боомж байдаг. Нэртэйгээр нь 100 жилээр Замын-Үүдийн боомтоо хятадад өг" гээд хэлсэн чинь настай хүн байж Ө.Энхтүвшин дарга карт сугалсан болохоор миний зэвүү хүрээд байгаа юм. Одоо тэгээд хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирнэ гэдэг шиг хуулийн төслөөр оруулж ирж байна. Энэ гэрээний заалтаа гишүүдэд өг. Шадар сайд болонгуутаа гэрээ нэрээр очоод хятадуудыг 30 хоног дураар нь байлгах гэж байна. Үүнийгээ зогсоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Газар нутгаа өгөх гээд байгаа зүйлгүй. Чөлөөт бүсийн хуулиар "Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоног визгүй зорчино" гэж заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд Дорноговийнхон хүүхдээ сургаад байгааг зогсоох боломжгүй. Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэж та бүхэн томилсон. Карт сугалсныхаа төлөө уучлалт гуйя.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бид 30 хоногийн хугацаанд Хятад руу визгүй зорчдог. Харин Хятадууд манай улс руу визтэй зорчдог. Хятадууд манай улс руу визгүй зорчих сонирхолтой байдаг. Монголоо битгий хорлооч ээ. Үүнийг дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Манай улсад чөлөөт бүсийн асуудал их яригддаг. Визгүй зорчигчид визний хугацаа хэтрүүлээд зөрчил гаргах вий гэсэн болгоомжлол байна. Хил хаалттай байхад хар тамхи, хүн алга болох гээд асуудал гарч байна. Энэ бүхэнд аюулгүй байдлаа яаж хамгаалах вэ?
-Бид энэ хуулийн төслийг өөрсдөө боловсруулсан. Хятадын талаас саналаа тавьсан. Ямар нэг бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хамтарч ажиллаж, хариуцлагаа хүлээнэ гэдгийг хэлэлцээрт гарын үсэг зурсан. Соёрхон батлах үлдэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Манай зарим гишүүд жаахан буруу ойлголттой байна. Хил дамнасан гэдэг нь элдэв янзын хардлага төрүүлээд байх шиг байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж нэрийг нь өөрчилж байгаа юм байна. Тэнд үйлдвэрлэл хөгжиж, шинжлэх ухаан, техник, тээвэр ложистик хөгжөөсэй гэж бодож байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Цэвэрлэх байгууламж, зам, ДЦС гээд дэд бүтцийн ажлууд хийгдээд дууссан. Одоо хэлэлцээр байгуулагдахыг хүлээгээд байгаа юм. Хамгийн гол зохицуулах үндсэн суурь бичиг нь хэлэлцээр байгаа юм. Ямар чиглэлийн үйлдвэр байх вэ? Үүнийгээ хоёр тал тохирч байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ