Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д оруулсан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож байгаа юм. Хуралдаанаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг дэмжлээ. Дараагаар нь Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөс Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
“Саарал жагсаалт”-д оруулсан нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газарт хариуцлага тооцох уу? 800 Хятадын асуудал Засгийн газрын бүтцийн байгууллагын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдсэн. Та нар яагаад энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Чих зөөлөнтэйгөө нясалж явуулчихаад байвал төрийн тогтвортой байдал алдагдана.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Д.Эрдэнэбат гишүүний санаа зовнилыг гүнээ ойлгож байна. Монголбанкны хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж байгаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт байгаа. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр магадлан шалгах аудит хийсэн. Бид эцсийн тайланг есдүгээр сарын 25-ны өдөр хүлээж авсан бол Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэр наймдугаар сарын 25-нд гарсан байсан. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2020 онд "Саарал жагсаалт"-аас гарах зорилт тавиад ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Анхаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. "Саарал жагсаалт"-тай холбоотой Мөнгө угаах, болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны сайд, эрх бүхий удирдлагууд багтана гэж заасан. ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүй гэдгийг дэд сайд нь мэдэгдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Холбогдох байгууллага, Засгийн газар хэлэлцээд, хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэхээр санал оруулж ирж байгаа. Иргэн Н.Баяртсайхан гэдэг хүнийг ярьж байгаа юм биш. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах болон улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх, бодитой ажил хийхэд оршиж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Монголбанкны Ерөнхийлөгч сайн ажилласан. Банкны бүхий л системийн асуудлыг цэгцлэхийн төлөө явсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн алба тогтворгүй байх нь энгийн зүйл болох вий. Сүүлийн гурван жил тогтворгүй байсан асуудлыг цэгцлэхийн төлөө явсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Бид хамтарч банкны салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилж чадсан. Намайг ажилд ороход Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1.8 тэрбум байсан. Өнөөдөр дөрөв дахин нэмэгдэж, 4 тэрбум ам.доллар болсон. Цаашдаа ч энэ нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Монголбанкинд хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг байсан. Алдагдлыг бууруулах чиглэлээр эрчтэй үйл ажиллагаа явуулснаар 2019 оны гуравдугаар улирлын дүнгээр алдагдал 1.5 их наяд болсон. Арилжааны банкнуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан. Активын чанарын үнэлгээ хийсэн. Банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өсч, нэмэгдүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-УИХ-ын дарга хууль бусаар хүн огцруулахаа боль. Төв банк өөрийн хуультай. Н.Баяртсайханыг өргөдлөө өгөөгүй байхад нь асуудлыг оруулж ирж байна. Тийм учраас би энэ хууль бус санал хураалтад оролцохгүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Н.Баяртсайхан бол үнэхээр зүтгэсэн. Н.Баяртсайхан Мөнгөний бодлогоос болоод "саарал жагсаалт"-д орсон бол УИХ-ын гишүүд бид бүгдээрээ хариуцлага хүлээнэ. Бид Мөнгөний бодлогыг баталж өгсөн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хариуцлагыг харин ч хожуу авч байна. Өнөөдөр хариуцлага төрд зайлшгүй хэрэгтэй. Цаашдаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нэр бүхий гишүүд өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах төсөл санаалчилж байсан. Я.Содбаатар нарын гишүүд Монголбанкны үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэж байсан. Шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд төрд 38 жил ажилласан туршлагатай эдийн засагч хүн гэж тогтвор, суурьшилтай ажиллуулахыг хүсч байсан. Гэвч цаг үе биднээс хариуцлага тооцохыг шаардаж байна.
Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ