Путин хүчний байгууллагуудад "цэвэрлэгээ" хийв

Оросын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн шалгах хороо, Дотоод хэргийн яам болон Онцгой байдлын яамны өндөр албан тушаалын 11 хүн ажлаасаа халагдсан талаар Регнум агентлаг мэдээллээ.
Тэдний дунд 100 сая рублийн луйврын хэрэгт холбогдсон Дотоод хэргийн яамны нийгмийн эмх журмыг хамгаалах газрын орлогч дарга Александр Мельников, "Хромая лощадь" клубт гарсан галын хэрэг хариуцаж байсан, Мөрдөн шалгах хорооны дөрөвдүгээр хэсгийн дарга Руслан Ибиев нар багтсан байна.
Александр Мельников есдүгээр сард Москва хотноо саатуулагдсан бөгөөд түүнийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн гэмт хэргийн ажиллагаагаа эхлүүлсэн гэж үзсэн байна.
Тухайн үед тэрбээр албан тушаалаа ашиглан, сэжигтнийг дарамт үзүүлж, 100 сая рубль өгвөл хэргээс мултална гэж амласан бөгөөд харин сэжигтэн энэ талаар цагдаа нарт мэдэгдэн, улмаар тусгай ажиллагаа зохион байгуулж "бохир цагдааг" баривчилжээ.
Ийнхүү гэмт хэрэгт холбогдсон болон ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзсний улмаас 11 генералыг Путин халсан бөгөөд үүний дараа 16 хүнд дэслэгч генерал цол олгосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ