Монгол эмэгтэй Оросын хил дээр саатуулагджээ

Монгол улсын иргэн эмэгтэй Хиагтын хилээр 27 кг хаш чулуу нэвтрүүлэхийг завдсан тухай "Аргументы и факты" сонин мэдээллээ.
Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Монголын иргэн эмэгтэйн автомашинд үзлэг хийх үеэр хууль бус үйлдэл илэрсэн талаар 11 дүгээр сарын 12-ны өдөр Буриадын гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Улмаар машиныг тусгай төхөөрөмжөөр шалгаж, машины арын суудлын араас түүхий хаш чулуу илрүүлсэн байна.
Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хаш чулуу нь 27,2 кг жинтэй, 205 мянган рубль буюу 8,4 сая орчим төгрөгийн өртөгтэй байсан гэнэ.
Хил дээр саатуулагдсан эмэгтэй "үл таних эрэгтэй гуйснаар тодорхой хөлс аван үнэт чулуун гоёл чимэглэл зөөж байсан" хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн хувь хүмүүс хилээр боловсруулаагүй хаш чулуу гаргахыг хориглосон байдаг тул дээрх чулууг нууцаар авч гарахыг хүссэн гэжээ.
Улмаар Монгол улсын иргэн эмэгтэйн эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлд зааснаар захиргааны хоёр хэрэг үүсгэсэн байна. Энэ хэсэгт зааснаар хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бараа болон тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, тухайн бүтээгдэхүүний өртгийг хоёроос гурав дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ