“The HU” хамтлагт Чингис хаан одон хүртээхээр боллоо

Чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдрөөр Төрийн дээд тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулдаг. 2019 оны Чингис хаан одонг хүннү рок “The HU” хамтлагт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа. Шагналыг энэ сарын 27-ны 11.40 цагт гардуулах юм байна.
Тус хамтлагийг улс орны нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчдан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа гавьяаг нь үнэлж Чингис хаан одонг хүртээхээр болжээ. The HU хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй юм байна.
The HU хамтлагийг үүсгэн байгуулагж, МУГЖ Б.Дашдондог нь есөн жилийн турш энэ хамтлагийг бэлдсэн байна. Тэрбээр хүннү рок урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыл гсайжруулах, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт оруулах, хөгжмийн зэмсгийн загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлыг хийжээ.
The HU хамтлаг анх уран бүтээлээ 2018 оны сүлээр нийтийн хүртээл болгосноос хойш асар богино хугацаанд дэлхийн хэмжээнд танигдсан байна. Анхны уран бүтээл олох “Юу вэ, юу вэ” дууг youtube сувгаар нэг жилийн дотор 26 сая, Чонон сүлд дууг 20 сая удаа үзэж, хүннү рок урсгалыг дэлхийн сонорт чангаар дуурсгажээ.
Одоо тус хамтлаг АНУ, Канад улсуудад аялан тоглолтоо хийж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ