Монголчууд Нигер улсын иргэнтэй хуйвалдаж, мөнгө угаажээ


Сүүлийн үед Нигер улсын иргэд манай улсад ирж гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэвтрүүлэхийг завдсан Нигер Улсын дөрвөн иргэнийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулсан билээ.
Тэгвэл мөн тус улсын иргэн Монгол Улсын иргэдтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Э нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2019.11.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн яллагдагч Э нь Монгол Улсын иргэн Х, Г, А нартай бүлэглэн 2018 оны зургадугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сарын хооронд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулжээ.
Тодруулбал "Лонати СПА" ХХК-ийг 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр, "Делуксе мулти сервисес СРЛ" ХХК-ийг 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан байна.
Улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөдөлд оруулж Бүгд Найрамдах Турк Улсын "Алпин чорап" компанийн Итали Улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан "Делуксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн еврогийн дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,00 евро буюу 702, 861, 120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.
Үүний дагуу Нигер улсын иргэн Э нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлджээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ