Монголд бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулагдаж байна


Томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн том жижиггүй л ханиад хатгаанд дарлуулдаг. Өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүүхэд хөгшидгүй л дархлаа дэмжих, ханиад намдаах эм тан эрж хайна. Гэтэл зарим эмийг худалдан авч хүч хүрэхгүй тул эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгогддог цөөн тооны эмийг авах гэж дугаарлаж зогсоно.
Энэ нөхцөл байдлыг ЭМДЕГ-аас харгалзан үзэж, эм ханган нийлүүлэх байгууллагуудын импортоор оруулж ирж буй эм, хэрэгслийн гаалийн бичигтэй танилцаж даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхэө нимгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон. Гэвч энэ шийдвэрийг эм ханган нийлүүлэгчид эрс дургүйцэж хүлээж авав.
Эм ханган нийлүүлэгчид даатгалд хамрагддаг эмэнд нь хязгаар тогтооход ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхэллээ. "Монфа" компанийн захирал эм зүйн шинжлэх ухааны доктор Д.Цэндээхүү мэдээлэл хийж эмийн дээд хязгаарыг эсэргүүцэж, хямдхан үнээр зарах боломжгүй хэмээсэн.
Даатгалаар олгогдох эмийн жагсаалтыг ДЭМБ-ээс ирсэн зөвлөмжийн дагуу ЭМДЕГ санал гаргаж үндэсний зөвлөлтэйгээ хамтран шийдвэрт хүрсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдаар батлуулжээ. Энэ шийдвэр нь халаас нимгэн иргэддээ хямд эм авах боломжийг нээж өгсөн шийдвэр байлаа.
Гэсэн ч хамгийн багадаа 90-100 хувь ашиг олж, "мөнгө хүүлдэг" эм ханган нийлүүлэгчдэд иргэдээ бодсон энэ шийдвэр таалагдсангүй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ