Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн намтай хамтрав

img

Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн намын удирдлагууд хамтран ажиллах шийдвэр гаргажээ. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2019.12.04/ Монголын залуучуудын холбооны танхимд зохиогдож буй “Гэр хороолол, Ногоон хөгжил” хэлэлцүүлгийн эхэнд боллоо.

 

 

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Монголд 35 нам үйл ажиллагаа явуулж байна. Энэ намууд дотроос Монголын ногоон намын үзэл баримтлалтай ойр нам бол Гэр хороолол хөгжлийн нам гэж харж байна. Манай нам зүүны баримжаатай нам. Ийм намын гол хэлэлцэх асудал ядуурал байдаг. Нийт ард түмний 3.2 буюу 66 хувь нь ядууралтай байна гэж үзээд НҮБ-аас хөгжлийн хөтөлбөр гаргасан. Мөн Дэлхийн банкнаас монголчуудын тал хувь нь ядуу байна гэж үзсэн. Үнэхээр гэр хороололд ядуурал газар авсан. Гэр хорооллын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, ядуурлаас гаргах уриа лоозонтой нам Монголд ганц л байна. Энэ нь Гэр хороолол хөгжлийн нам. Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг нь ядуурлыг бууруулна л гэсэн зорилго. Тиймээс хоёр намын үндсэн үзэл санаа нийлж байгаа юм. Манай Ногоон нам гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал, гэр хорооллын газар дээр нарны эрчим хүч үйлдвэрлэх, үүнийг нь улс худалдаж авах юм бол ард иргэд багаар бодоход сардаа сая төгрөгийн орлоготой болно.  Монгол улс гадаадаас 200 сая доллараар эрчим хүч худалдаж аваад байдаг. Энэ эрчим хүчийг ард иргэдээсээ худалдаж авч болно.

 

 

Хоёр нам нэгдэж санамж бичиг зурж байгаа өөр нэг асуудал бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн хямралд орчихоод байна. Автомашины татварыг тав дахин нэмж байна. Энэ бол төр засаг мөнгөгүй болоод хямралд орчихсон гэсэн үг. Хоёрдугаарт газрын бизнес явагдаж байна. Энэ бас хямрал. Ард иргэдийн нийгмийн даатгалыг хэмжээгүй их нэмж байна. Энэ ч бас хямарчихаад байгаагийн шинж” гэлээ.

 

Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх “Хоёр нам хамтран ажиллах болсонд сэтгэл маш их хөдөлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай намын гишүүд тэмцэл, цуглаан, жагсаал хийж баригдаж, хоригдож байсныг та бүхэн мэднэ. Бидний хамтын ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Та бүхэндээ маш их баярлаж байна” гэв.

 

 

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  бусад нам, эсвэл улс төрийн хүчинтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах тохиолдолд аль нэг тал дангаар шийдвэрлэхгүйгээр гишүүд дэмжигчдийнхээ өмнө нээлттэйгээр хамтран шийдвэрлэх аж. Цаашид гэр хорооллын иргэдэд огт хүрдэггүй төрийн үйлчилгээ, тээвэр, дэд бүтцийг түргэн шуурхай хүргэж, гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор нийгмийн бүтээн байгуулалтуудыг нэн түрүүнд шат дараатайгаар эхлүүлэхийг зорьж буйгаа намын даргууд онцолж байлаа.

 

 

Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн намын хамтын ажиллагааны эхлэл болох “Гэр хороолол-Ногоон хөгжил” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Khaipi:
Ene namyn dargaas uur gishuun demjijgui namuud AN, MAN-ny gar hulnuud! Enkhbayaryn esreg sanal huvaakh sanaatai avilgachid!
2019-12-04