Искандер Азизов: Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд туслахад БЭЛЭН

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д айлчилж байгаатай холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин Сайд И.Азизов "Риа новости" агентлагт өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Өнөөгийн Монгол, Оросын харилцааны түвшнийг хэрхэн тодорхойлж болох вэ?
-Халхын голын 80 жилийн ялалтын ойг тохиолдуулан энэ оны есдүгээр сарын хоёрноос гуравны хооронд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатарт айлчилсан. Энэ айлчлалын дүнгээр Иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр манай хоёр орны харилцаа шинэ түвшинд гарсан юм.
Одоо худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, цэрэг техник нэн ялангуяа хүмүүнлэгийн төслүүд дэх түншлэлийн улс төрийн түвшнийг бэхжүүлэх нь чухал. Энэ ч хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Орост айлчилж байгаа гэж хэлж болно.
- Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, энэ холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судалж байсан. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх боломжтой юу?
-Чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг үргэлжлүүлэн судалж байгаа. Орос улс энэ хэлэлцээр байгуулах Монголын чармайлтыг дэмжиж байгаа. Нэн тэргүүнд тарифын бус саад бэрхшээл, хязгаарлалтуудын асуудлуудыг шийдэх ёстой. 10 дугаар сарын 21-ний өдөр Европын эдийн засгийн комиссын төв байранд болсон хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн Евразийн хөгжлийн банк болон Евразийн эдийн засгийн холбооны ажил хэргийн зөвлөлийн шугмаар хамтран ажиллахад анхаарал хандуулж байгаа. Ойрын үед Москва хотноо “Евразийн эдийн засгийн холбоо-Монгол Улс” бизнес форум зохион байгуулагдана.
-Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орны статустай, энэ улс ШХАБ-д элсэх боломж бүрдсэн гэсэн үг үү?
-Монгол Улс 2004 онд ШХАБ-ын анхны ажиглагч статус авсан улс болсон. Ажиглагч орны хувь Монгол Улс олон чиглэлээр ШХАБ-ын хамтын ажиллагаанд оролцож байна. Монгол Улс ШХАБ-д бүрэн гишүүнчлэлтэй болох хүртэл статусаа дээшлүүлвэл бид гагцхүү талархан хүлээн авна. Монгол Улс ШХАБ-д бүрэн оролцох аспектуудыг цэгнэн, үндэснийхээ ашиг сонирхолд нийцэх цорын ганц зөв шийдвэр гаргах байх.
-Монгол Улс Сэлэнгэ гол дээр УЦС байгуулах төсөл одоо ямар шатанд байгаа бол? 10 дугаар сарын нэгэнд Сочи хотноо Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар манай агентлагт мэдээлэл өгөхдөө "Монгол Улс энэ төслөөс татгалзаагүй" гэж байсан. УЦС-ын оронд ямар хувилбар Оросын тал санал болгох вэ? Цахилгаан эрчим хүч нийлүүлэх тал дээр ямар төслүүд байна?
-Монголын тал Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц байгуулах боломжийг урьдын адил судалж байгаа. Үүний зэрэгцээ Байгал нуурын биологийн олон янз байдал, экологийн таатай нөхцлийг хадгалахтай холбоотой манай болон ЮНЕСКО-ийн санаа зовниж буй асуудлуудыг ч ойлгон хүлээн авч байгаа юм. Орос болон Монголын олон улсын болоод харилцан хоёр талт хариуцлагын дагуу, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг болоод эрдэм шинжилгээний дэд бүлгүүдийн хүрээнд Сэлэнгэ мөрний нутаг дэвсгэр дээр усан техникийн байгууламж, тэр дундаа УЦС байгуулах төслүүд Байгал нуурт нөлөөлөх экологийн, нийгмийн болоод эдийн засгийн үнэлгээг боловсруулах ажил эхэлсэн.
УЦС-ын оронд Оросын тал цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, Монгол улс гол зорилтуудаа шийдэхэд нь зориулж цахилгаан эрчим хүчний салбараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн.
Монголд төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа Оросын эрчим хүчний компаниудын тоо өсч байгааг тэмдэглэхэд таатай байна. Тэр дундаа “Ротек” хувьцаат нийгэмлэг “Уралын турбины үйлдвэр”-тэй хамтран Улаанбаатарын ДЦС-4-ийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Оросын “Интер Рао-Экспорт” компанийн оролцсон ДЦС-3-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хэлэлцээрийн явц үргэлжилж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт ч хамтын ажиллагаа өргөжих төлөвтэй байгаа. Тухайлбал, “Ренова” болон “ЕвроСибЭнерго” компаниуд Монголд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр нарны цахилгаан станц байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
-Монгол дахь Оросын төмөр замын төслүүдийг мөн сонирхож байна. Оросын төмөр зам Монголын төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн дээр эхний ээлжийн хөрөнгө оруулалт 260 сая ам.доллар гэж мэдээлж байсан. Түүнчлэн Орос улс УБТЗ-ыг шинэчлэх зэрэгт зориулан 100 тэрбум рублийн зээл олгоно гэж байлаа. Эдгээр төслүүд эхэлсэн үү?
-Энэ жил Орос, Монголын хамтарсан “УБТЗ” 70 жилийн ойгоо ачаа тээвэрлэлтийн дээд хэмжээ тогтоон тэмдэглэсэн. 2018 онд 25,8 тонн ачаа тээвэрлэсэн бол одоо энэ үзүүлэлт 27 сая тоннд ойртож байна.
Талууд 2014 оны есдүгээр сарын гуравны өдрийн УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд магистралуудыг шинэчлэх, хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байна.
УБТЗ болон Оросын төмөр зам оролцсон Монголын төмөр замын сүлжээг өргөтгөх ажил төлөвлөгдөж байгаа. Одоо Таван толгой-Зүүнбаян салаа замын ажил явагдаж байгаагийн дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн салаа зам тавих ажил төлөвлөгдсөн. Энэ нь ашиглалтад орсноор УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх юм.
Санхүүгийн асуудал мэдээж ихээхэн ач холбогдолтой. Зуун тэрбум рублийн зээл олгох асуудал зохих түвшинд шийдэгдэнэ. Гэхдээ эхлээд УБТЗ-ын үйл ажиллагааны санхүүгийн талыг бүхэлд нь бэхжүүлэх хэрэгтэй. 1988-2016 оны хооронд төлсөн онцгой албан татварыг нөхөн төлөх замаар санхүүгийн ихээхэн хувийг бэхжүүлсэн. Хөрөнгийн өөр эх үүсвэр нь үйрмэг зэрэг ачаа тээвэрлэхэд ноогдох тарифыг зах зээлийн нөхцлийн дагуу индексжүүлэх арга юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ