“Хүүхэд карт хаячихсан, хөлдөж үхлээ”

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр угаарын хийд хордох зэргээс эхлээд цөөнгүй асуудалтай тулгарсан. Шахмал түлшээр зуухаа зөв галлаж дадсан ч шахмал түлшийг нэг өрхөд долоо хоногт зургаан шуудайгаас илүүг олгохгүй байгаа нь мөн л хүндрэл учруулж байгааг иргэд хэлж байна.

СХД-ийн 10 хороо “Хангай” захад сайжруулсан шахмал түлшний гэрээт цэг бий. Энэ цэгээс салаалсан 5-6 цэг тус хорооны айл өрхүүдийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэгүүд зөвхөн карттай иргэдэд шахмал түлш худалдан борлуулж байна. Иргэд ч картаа уншуулж түлшээ аваад хэвшсэн ч картыг хаяж үрэгдүүлсэн, олохгүй байгаа, авч амжаагүй гэх шалтгаан хэлж маргаан дэгдээх хүмүүс ч байх аж.
“Картаа хайгаад олохгүй байгаа, хүүхэд хаа нэгтээ хаячихсан бололтой” гэх тайлбар хэлж ирсэн залууд худалдан борлуулагч халгаахгүй байсанд “Ганц шуудайг өгчихөд яадаг юм. Хөлдөж үх гэж байгаа юм уу” хэмээн залуу уурлавал худалдагч "70119400 дугаар руу залгаад гомдлоо хэлээрэй” гэж тайвнаар хариулж зогсов. Худалдагч, картгүй эрд шуудай түлш өгөөгүй тул арчаагүй эр хүн болоод үлдэв.
Дараагийн ирсэн эмэгтэй картаа уншуултал долоо хоногийн лимит нь хэтэрчээ. Ахындаа картаа зээлтэл дөрвөн шуудай түлш авах эрхийг нь ашиглачих. “Хүүш ээ, тэгээд хөлдөж үхэлтэй биш дээ. Шуудай нүүрс авчихья” гэвэл худалдагч бас л халаахгүй юм. Өндөр дуугаар дуржигнатал ярьж зогссон эмэгтэйн дуу аяндаа зөөлөрч “Ах аа, манайх нялх хүүхэдтэй. Түлшгүй модоор галлаад хононо гэж байхгүй. Та ганц шуудайг өгчих л дөө, тэгэх үү” хэмээн арга ядсан байдалтай гуйвал худалдагчийн хүн чанар энэ удаад эрхгүй танигдаж нэг шуудайг өгөөд явууллаа.
Зарим иргэд ийн картаа гээгдүүлснээс түлшээ авч чадахгүйд хүрээд байгаа бол 7 хоногт 6 шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгаа аж.
Зургаан шуудай түлш л хэрэглэх энэхүү лимитийг тогтоосон шалтгаан нь түлшний нөөц хүрэлцээгүй, түлш үйлдвэрлэх хүчин чадал, тээвэрлэлттэй холбогдолгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 365 цэгт 200 машин өдөрт 2000 гаруй тонн түлш тээвэрлэн түгээж байгаа. Эдгээр 365 борлуулалтын цэг бүр 2 сая төгрөгийн барьцаа төлөөд, түлшээ худалдан борлуулдаг байна. Гэвч өнөөдөр 60 хүртэлх сая төгрөгийн өр үүссэн борлуулалтын цэг ч бий бөгөөд өр төлбөрийн асуудал л байгаа болохоос биш тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээгүй гэдгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүх хэлсэн.
Мөн түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд “Таван толгой түлш” компани өдөрт 1800-2000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа аж. Анх тооцоолохдоо арванхоёрдугаар сарын 31 хүртэл 461 мянган тонн түлш шаардлагатай гэж үзэж байсан. Гэхдээ одоогийн бодит хэрэглээнээс харахад хоёр дахин бага буюу 240-250 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэхээр тооцоо гарчээ. Тиймээс одоогийн хүчин чадлаараа сайжруулсан түлшний хэрэгцээг хангалттай хангах боломжтой гэж албаныхан үзжээ.

Тэгвэл долоо хоног зургаан шуудай түлш олгох лимитийг яагаад тогтооов?
-Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш олгоход хэрэглээг бүрэн хангах, зохистой хэрэглээ бий болгоно.
-Зөвхөн карттай иргэнд л шахмал түлш худалдаж байгаа тул өрхүүдийн шахмал түлшний хэрэглээг тодорхойлох, гүйцэтгэлийг нарийвчлан хянах боломжийг бүрдүүлнэ.
-Түлшнээс өөр зүйл ашиглаж байгаа айл карт хэрэглэхгүй. Тиймээс карт хяналтын үүргийн гүйцэтгэх ч иргэд мөн зөв зохистой хэрэглээнд суралцана.
Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болно гэж “Таван толгой түлш” ХК-ийн зүгээс үзжээ.
Картаа гээсэн тохиолдолд хэрхэх вэ?
Энэ тухай СХД-ийн 27 дугаар хорооны хэсгийн төлөөлөгчөөс тодруулбал “Картаа гээсэн тохиолдолд нөхөн олгох тухай тодорхой шийдвэр гараагүй байгаа. Айл, өрхүүдийн тоогоор тараахаар олгосон картуудыг өрх бүрт өгч дууссан. Одоо картаа үрэгдүүлсэн өрхүүдэд дахин олгох гэсэн ч карт байхгүй” гэлээ.
Цаашид иргэдэд түлшийг нь хүртээмжтэй олгох, нөөцийг хангалттай хэмжээнд хүртэл бүрдүүлэх, түгээлтийг саадгүй хүргэх тал дээр холбогдох газрууд тус бүртээ анхаарч ажиллаж буй юм байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ