Д.Батжаргал: “Яараад яахав дээ” гэдэг үг олон жолоочийн хурдыг хассан

Олон зуун хүний амь насыг авран хамгаалсан “Яараад яахав дээ” аян “Unread Awards-ийн "Шилдэг санаачилга"-аар шалгараад байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргалтай ярилцлаа.
-Өнгөрсөн зуны трэнд үг яах аргагүй “Яараад яахав дээ” байлаа. Та бүхний ажлын үр дүн гарч “Шилдэг санаачилга”-аар шалгарчээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Тээврийн цагдаагийн алба болон “Оюутолгой” ХХК, “Мобиком” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Яараад яахав дээ" аяныг зохион байгуулсан. Энэ аяныг зохион байгуулах гол шалтгаан жилд 500 орчим хүн, өдөрт дунджаар 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж буй харамсалтай тоон үзүүлэлт байлаа. Эдгээр зам тээврийн ослын 70 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд осол ихэвчлэн урин дулаан цагт гардаг учраас зуны улиралд энэхүү аяныг зохион байгуулсан. Аяны үр дүнд зам тээврийн ослын үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 орчим хувиар буурсан. Тиймээс урьд өмнө нь хэрэгжиж байсан урьдчилан сэргийлэх ажлуудаас хэд дахин илүү бодит соён гэгээрүүлэх ажил болсноороо онцлогтой. Иймд “Шилдэг санаачилга”-аар шалгарсан болов уу гэж бодож байна.
Зам дагуу байршуулсан самбаруудаас “Хэдэн үг хэлье” гэсэн бичигтэй үхрийн зурагтай самбар сонирхол татсан. Хэлэх гэсэн санаа нь юу байв?
-“Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос гарах гурван цэг дээр самбаруудыг байршуулсан. Хэрэв анзаарсан бол эхний самбар дээр “хэдэн үг хэлье” гэсэн бичигтэй үхрийн зураг бий. Энэ самбараар жолооч нарын анхаарлыг татаад цааш явахаар ослын тоон мэдээллийг харуулаад хамгийн сүүлд “Яараад яахав дээ” гэсэн самбарыг байршуулсан байгаа. Энэ бодит ажил маш олон хүнд хүрсэн. Зөвхөн хотоос гарах цэгүүдэд ч биш 21 аймгуудын орж, гардаг цэгүүдэд дээрх самбаруудыг байршуулсан байгаа.

-Хурдаа нэмэх гэхээр нээрэн л яараад яахав дээ гэж бодогдоод байх болсон. Аяны уриа үг ганцхан надад биш маш олон хүний ухамсарт нөлөөлөх шиг санагдсан.
-Тийм шүү. Зам тээврийн ослын гол шалтгаан хурд хэтрүүлэх. Тэгвэл "Яараад яахав дээ" аян олон жолоочийн хурдыг хассан. Уг нь суурин газрын гаднах орон нутгийн замд суудлын автомашин 80 км цагийн хурдтай явах ёстой. Гэтэл жолооч нар үүнийг огт биелүүлэхгүй 120-140 километр цагийн хурдтай давхидаг. Хурд ихсэх тусам автомашинд яваа хүмүүсийн амь насанд аюул учрах эрсдэл нэмэгддэг. Дараагийн нэг хүчин зүйл нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэдэг. Ялангуяа даваа, гүвээний төгсгөл дээр эсрэг урсгалаас ирж яваа автомашинтай мөргөлдөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух, хамгаалах бүс зүүхгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудал хэрэглэхгүйгээр тээвэрлэх зэрэг зөрчлийг жолоочид ихээр гаргадаг.
Хурдан яваад туулах биш аюулгүй явснаар тухайн замыг туулж дуусах л чухал байгаа юм. Тухайн жолооч хурдлаад байдаг. Гэтэл хурд хэтрүүлээд хэтрүүлээд эцсийн цэг дээр очиход 5-10 минут л хэмнэнэ. Хэдхэн минутын хугацааны төлөө амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг учраас яаралгүйгээр хөдөлгөөнд оролцох нь хамгийн чухал гэдгийг энэхүү аянаар уриалсан.
Орон нутагт мотоциклийн ослоор амь бие, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол элбэг гардаг. Мотоциклийн жолоочид зориулалтын хамгаалах малгай өмсдөггүй. Осолд өртсөн хүмүүсийн 67.5 хувь нь толгойдоо гэмтэл авсан ба эдгээр нь бүгд хамгаалах малгай өмсөөгүйгээр хөдөлгөөнд оролцож амь нас эрүүл мэндээрээ хохирсон судалгаа байдаг. БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн үнэ өртөг хямд, бензиний зарцуулалт бага, хөнгөн жинтэй, авсаархан учраас орон нутгийн иргэд ихээр худалдан авч унаж, хэрэглэж байна. Гэтэл мотоцикл зөвхөн асфальтан замаар явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн байдаг тул шороон болон чулуу хайргатай замаар хурдтай явж байх үед ойж шидэгдэх, онхолдох, жолооны хүрд эвдрэх, гацах, салах, хайлшин обуд нь хатуу эд зүйлтэй мөргөлдсөн үед хагарах зэрэг эрсдэл гардаг. Орон нутагт мотоциклийн хэрэглээ их байгаа боловч, мотоциклийг жолоодож байгаа иргэд эрх олгох сургалтанд хамрагддаггүй, жолоодох ур чадварыг бие даан суралцаж, дүрэм, хууль эрх зүйн мэдлэггүй хүмүүс замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
-Дараа нь “Дураараа биш ээ, дүрмээрээ” аяныг зохион байгуулсан. Энэ аяны үр дүнгийн талаар тодруулахгүй юу?
-Хөдөө, орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослыг бууруулах зорилготой “Яараад яахав дээ” аян маань хот суурин газрын жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан “Дураараа биш ээ, дүрмээрээ” аянаар үргэлжилсэн. Энэ арга хэмжээг есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 23-ны хооронд зохион байгууллаа. Аяны хүрээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол хэрэг 16.3 хувиар буурсан тоон үзүүлэлт гарсан.
-Товч бөгөөд оновчтой энэ уриа үгнүүдийг хэн бодож олдог бол?
-Аяныг зохион байгуулахад багагүй хугацаа зарцуулдаг. Багаар бодоход гурван сар бэлдэж байж эхлүүлнэ. “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ дүрмээрээ” зэрэг энэ уриалгыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс гаргасан. Ямар байдлаар зохион байгуулах вэ гэдгийг хамт олноороо ярилцаж байгаад энгийн хүнд хүрэх байдлыг бодолцож энэ үгийг сонгосон.
Цахим орчинд олон шог үг гарсан байна. Тухайлбал өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань “Даараад яахав дээ”, аялал жуулчлалын байгууллагууд “Дагуулаад явсан ч яахав дээ” зэрэг үгийг ашиглан маркетинг хийж байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа аяныг маань дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууддаа баярлалаа. Бидний хамтын хичээл зүтгэлийн үр үнд зам тээврийн ослын гаралт буурсан гэдгийг хэлмээр байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт зорчигч жолооч нар маань дүрмээ биелүүлээд, бие биедээ төвөг удаж бухимдал үүсгэлгүйгээр соёлтой оролцсноор та бидний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж байгаа юм шүү. Дүрмээ биелүүлбэл түгжрэхгүй. Тиймээс дүрмээ биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё гэж уриалмаар байна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ