Согтсон ч, шогтсон ч түүнийг хүргэж өгөөрэй


ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2000 гаруй хүн осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авдаг байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай яаралтай тусламж авдаг аж. Согтуугаар осол гэмтэлд өртсөн шалтгаан жилээс жилд өсөх хандлагатай байна.
Нийт үйлчлүүлэгчдийн 16-17 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтдэг бол осгосон 108 хүний 44 хувь нь согтуу үедээ осгож гэмтсэн байх аж.
Баяр ёслолын үеийн осголт гэмтлийн тоо илүү өндөр байдаг. Тэгэхээр хүйтний улирал тул баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж албан байгууллагын шинэ жилээс харихаар гарсан нэгнээ эсэн мэнд харьсан эсэхэд эргээд санаа тавьж байхыг зөвлөж байна.
Мөн түүнчлэн шинэ жилээ хамт олноороо тэмдэглэчихээд автомашиндаа орж унтаад угаартаж нас барах харамсалтай хэрэг гардаг. Иймд албан байгууллагын шинэ жилээр нэгнээ архиар шахахгүй байх, согтсон найзыгаа гэрт нь хүргэж өгч, араас нь анхаарал тавихад онцгой анхаарах хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.
Тухайлбал энэ сарын 10-ны өдөр гурван жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоолож зам тээврийн осол гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүн гэмтсэн бол Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гаргажээ.

Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.
Бусдыг архиар шахаж, согтоох нь хуулиар хориотой гэдгийг манай иргэд төдийлөн мэддэггүй. Тэгвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. Үүнийг зөрчсөн бол иргэнийг 10-15 мянга, албан тушаалтныг 45-60 мянган төгрөгөөр торгоно гэж мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан байдгийг иргэд төдийлөн мэддэггүй.
Хэрэв танай байгууллага хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаа бол архинаас татгалзах, архи, согтууруулах ундааг хэрэглэх бол тохируулан болзошгүй эрсдлээс сэргийлэхийг, гэр бүлдээ тэмдэглэж буй баярынхаа үеэр, хүүхдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байхыг зөвлөж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ